УИХ дахь 65 гишүүнтэй МАН бүлэг. Дангаараа бүх асуудлаа шийдэж, дангаараа ноёрхож, дангаараа дуртай хуулиа баталж, дангаараа засгийн газраа байгуулаад 4 жил ДААМ гарна гэж олон хүн ярьж, бас бичиж байв. Гэтэл урвалт, шарвалт, ТОПОР ажиллагаа гэдэг 65 гишүүнтэй УИХ-ын том бүлгийг хэн нэгнийг царай алдах үндэслэл болно гэж жилийн өмнө олон улс төрч төсөөлөөгүй.
УИХ дахь АН-ын бүлэг ердөө л 9 гишүүнтэй. Тэднийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат зангидна. Мөн намынх нь дарга С.Эрдэнэ уг бүлгийн гишүүн. Мөн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав. Дээр нь туршлагатай улс төрч Л.Болд, ойворгон ч гэсэн бүлгийнхээ гол ачааг үүрэлцэх Ж.Батзандан нар энэ бүлгийн гол лидерүүд нь. Шинэхэн гишүүн ч гэсэн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар бол Ардчилсан намын бүлгийн өнгийг өнөө цагт яах аргагүй тодорхойлж байгаа. Байгаа байхгүй нь үл мэдэгдэх хоёр гишүүн тус намын бүлэгт харьяалалтай. А.Мурат, Б.Наранхүү нар юм. Тэд өнөөдөр од болж эхэллээ. Тэдний дэмжлэг гэдэг Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, эс бөгөөд авч үлдэх шалтгаан болох нь.
УИХ-ын чуулган завсарласан цаг хугацаа. Хэдийгээр УИХ-ын дэгийн тухай хуулинд Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан нөхцөлд 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх заалт байгаа. Гэхдээ энэ нь УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байх хугацааг гэж тайлбарлах хэсэг байдаг. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлахгүйгээр 10 сарыг хүртэл Ерөнхий сайдыг огцруулах бичгийг барьж, цаг хожих магадлал М.Энхболдын талд байна. Харин У.Хүрэлсүхийн тал аль болох хурдан чуулганы хуралдааныг зарлуулж, асуудлыг ярихыг хүснэ. Гэхдээ аль аль тал нь АН-тай ам хэлээ ололцох нь өнөө, маргаашийн хамгийн чухал асуудал нь.
Шалтгаан
Нэгд: Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт 29 гишүүн гарын үсэг зурсан. 3 гишүүн нэмэгдэх магадлалтай. Энэ нь хашир улс төрч болох Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, мөн том фракцын тэргүүн Сү.Батболд нар. Тэд нэмэгдлээ гэхэд Засгийн газрын огцруулах гишүүний тоо 32 болно. Олонхи болж чадахгүй гэсэн үг. Нөгөө талд нь М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарыг хамгаалах 33 гишүүн байна.
Хоёрт: 65 гишүүнтэй МАН-ын бүлэг яг үнэндээ хоёр хуваагдчихлаа. Тэд бие даагч С.Жавхлан, эсвэл МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү нарыг гуйна гэдэг хэцүү. Тэд гуйлгах биш зөрүүдлэх магадлалтай. Тэгэхээр сонголт шууд АН-ын бүлгийн 9 гишүүн.
Гуравт: Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичгийг санаачлагч нь МАН-ын 29 гишүүн. Нэмэх нь фракцын толгой 3 улс төрч. Харин хэрэгжүүлэх эрх мэдэлд нь шууд АН-ын 9 гишүүн дээр унав. Тэд хүсэх юм бол огцруулах кноп дарна. Гэхдээ тэрхүү кноп ямар үнэ цэнэтэй, хэр үнэлэмж хүрэхээс бүх зүйл шалтгаална.
Дөрөвт: Ж.Эрдэнэбатыг хамгаалж үлдэх талд 33 гишүүн зогсч байна. Бас л олонхи болж чадахгүй. Засгийн хувь заяаг шийдэх хуралд мэдээж хэрэг 76 гишүүн оролцож таарна. Ийм нөхцөлд 39+ гэдэг санал гарах ёстой. Ийм нөхцөлд Ж.Эрдэнэбатыг хамгаалах тал бас л АН-аас гуйх хэрэгтэй болов. Шан харамж нь юу байх вэ?
Тав: Ямар ч нөхцөлд УИХ дахь 65 гишүүнтэй МАН-ын бүлэг АН-ын царайчлахаар боллоо. Хэн ч АН-ын урвуулсан хамтарсан засгийн газрын санал тавихаас өөр гарц үгүй болж байх шиг байна. Урвалт, шарвалт, ТОПОР ажиллагаа ийнхүү 65 суудлын үнэ цэнийг алдагдуулж, ердөө л 9 суудалтай гэж гомдолж суусан намд том боломжийг бүрдүүлчихлээ.
Ардчилсан намын 9 гишүүн энэ өдрүүдэд хэрхэх тухайгаа зөвлөлдөж эхэлсэн мэдээлэл байна. Өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон бусад гишүүд нь уулзаж, асуудлыг ажиглах тал дээр санал солилцжээ. Эхний ээлжинд Ардчилсан намын бүлгийн 9 гишүүн шууд аль нэг талтай уулзаж зөвлөлдөхгүй. Харин ажиглана. Байдал нэгэнт ойлгомжтой болсон нөхцөлд аль талтай нь хамтрахаа шийдэх бололтой юм.