ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР РУУ НЭГ АЛХАМ…

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР РУУ НЭГ АЛХАМ…

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн мэргэжлийн Засгийн газрыг огцруулах албан бичгээ өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа. Баяр ёслолын гэхээс илүүтэй үүрэг хариуцлага нэхсэн гэх уг албан бичгийн үр дүн ирэх намар тодорно. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах уу, авч үлдэх үү гэсэн хоёр асуултын хариуг тодорхой болгох учиртай.

Гэхдээ эрх баригч намын хаягтай УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурна гэдэг бол асуудал хөнгөн тоглоом биш болсныг илэрхийлэх нь дамжиггүй. Тэгвэл тэдний хүсэл биеллээ олж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорвол дараагийн гүйцэтгэх засаглал хэрхэн бүрдэх вэ. Энэ талаар төрийн ордонд нэгэн яриа дэлгэрсэн нь “Хамтарсан Засгийн газар байгуулах нь уу” гэсэн мессеж байлаа. Өөрөөр хэлбэл, МАН дахь Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракц нэгдсэн энэ эсэргүүцлийн бичигт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн болон бие даагч хоёр УИХ-ын гишүүн нэгдэх хувилбар тодорхой байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн нь үнэн бол тэрбээр цаашид бие даагчийн хувиар буюу өөрийнхөө хүсэл сонирхлоор улс төр хийх боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ нам нь эцсийн шийдвэрээ гаргаагүй бол энэ удаагийн боломжийг улс төр хэмээн ашиглах бүрэн эрх нээлттэй гэсэн үг.

Мэдээж УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хувьд удаа дараа эрх баригч намыг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг шүүмжилсэн. Иймд түүний байр суурь энэ асуудалд тодорхой гэж болно. Харин УИХ дахь Ардчилсан намын есөн гишүүний тухайд эрх баригч намын энэ хагарлыг олз болгон дэгээдэх бүрэн эрх тэдэнд бий. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг бодвол шүү дээ. Эндээс харахад төрийн ордонд тарсан дээрх мессеж ор хоосонгүй болж таарч байгаа юм. Тэгээд ч нам дотроо сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй нэр бүхий УИХ-ын гишүүдийн манлайлан дагаж буй лидерүүд нь хамтарсан Засгийн газар байгуулсан туршлагатай гэж байгаа.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдыг Монголдоо байсан нэгдэхь өдөр бус харин эрүүл мэндийн шалтгаанаар хилийн дээс алхсан мягмар гаригт нэр бүхий гишүүд албан бичгээ УИХ-ын дэд даргад гардуулсан гэж байгаа. Тиймээс хамтарсан Засгийн газар руу нэг алхам ойртлоо хэмээн дүгнэхэд буруу зүйл үгүй л болов уу даа. Хэрэв мэргэжлийн Засгийн газрын хувь заяаг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаанд одоогоор эсрэг саналтай гэгдэж буй УИХ дахь МАН-ын бүлгийн 35 гишүүний ирц хүрэхгүй эс бол эсэргүүцэгчдээс ганц, нэгээр нь сугалж, урвуулж чадахгүй бол шүү дээ. Харин энэ тохиолдолд албан тушаал болон эрх мэдлийн наймаа хэрхэн өрнөхийг таашгүй нь хэцүүхэн хариулт байж мэдэх л юм.