М.Ганбаатар: Генесек Д.Амарбаясгалан 60 тэрбумын талаар маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн
Өчигдрөөс эхлэн МАН-ын гишүүд намын байр болох "Тусгаар тогтнолын ордoн"-ы гадаа эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид энэ талаар МАН-ын Бага хурлын гишүүн, эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохицуулагч М.Ганбаатартай ярилцлаа.
-Та бүхэн энэ удаа яагаад намынхаа байрны гадна дахин уагсаал хийх болов оо. Хийх болсон зорилго болон шалтгаанаа тайлбарлаач?
-Намын өнөөгийн удирдлагуудын сүүлийн үед хийж байгаа ажил нь ердөө намыг хагалан бутаргах л үйл ажиллагаа байлаа. Энэхүү бусармаг үйл ажиллагаа нь намын эгэл жирийн гишүүд, иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Энэ удаагийн жагсаал цэвэр намын гишүүдийн хүсэлтээр жагсаж байгаа. Учир нь намын гишүүд бидэнд хандаж “Та бүхэн тэмцлээ үргэлжлүүлээч. Та бүхэн л үнэнийг хэлж, ярьж чадна” гэдэг хүсэлтүүдийг маш олноороо ирүүлсэн. Тиймээс ч бид дахин жагсаж үгээ хэлэх нь зөв юм байна гэж шийдсэн. Уг нь намын Бага хурал, Их хурал дээрээ яригдах асуудлуудыг нийгэмд цацаж, намын гишүүдээ хагаралдуулаад, талцуулаад байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалын шуналдаа хөтлөгдөж, бие бие рүүгээ дайрах үйлдэл сүүлийн үед хэрээс хэтэрчихлээ. Цагаан зураас давсан үйлдлүүдийн хийхийн зэрэгцээ хариуцлаггүй маш олон мэдэгдэл хийж байна. Тухайлбал, намын дарга нь шүүх хяналтын байгууллагаар шалгуулж байгаа гэж мэдэгдээд байхад, намын ЕНБД нь тухайн асуудалд тэс хөндлөн байр суурь илэрхийлж байгаа нь намын эв нэгдэл ямар хэмжээнд байна вэ гэдгийг харуулж буй ганцхан жишээ. Тиймээс ч бид эв нэгдлийг хангаж, эгэл жирийн гишүүдийн дуу хоолой болж гарч ирж байгаа юм.
-Та МАН-ын Бага хурлын гишүүн гишүүн. Танай намын хэсэг хүмүүс 60 тэрбумын асуудлыг маш ихээр улстөржүүлж намынхаа гол хэрүүл болгоод байна л даа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ асуудал хууль хяналтын байгууллгаар шалгагдаж байгаа. Яг үнэндээ энэхүү 60тэрбумын асуудлыг өөр намаас зохион байгуулалттайгаар манай намын нэр хүндийн унагах гэж хийсэн ажиллагаа. Тухайлбал, манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Түүний хийсэн мэдэгдлийг та бүхэн үзсэн байх. Өөрөөр хэлбэл, тэрбээр эсрэг нам энэ асуудлыг улам их хурцдуулж зохион байгуулалттайгаар хийж байгааг нь мэдсэн хэрнээ МАН-ын гишүүдийн өмнөөс хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд харамсч байна. Уг нь энэ асуудлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нам дотроо ярих ёстой атал улстөрийн шоу хийж намын нэр хүндийг унагасан мэдэгдэл хийсэн нь хэний тоглолтод орчиховоо гэж харж байна. Дахин хэлье энэ 60тэрбумтай холбоотой хэрэг одоо хууль хяналтын байгуулагаар шалгагдаж байгаа. Тиймээс гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад намын нэр хүндийг ингэж унагаж болохгүй гэдгийг намынхаа зарим хүмүүст уламжлмаар байна.
-Танай намын НИТХ-ын нэр бүхий 16 төлөөлөгч 60 тэрбумаас үүдэж хурлынхаа даргыг огцруулах гэж байгаа. Энэ байж болох үзэгдэл үү?
-НИТХ-ын төлөөлөгчид намаас нэр дэвшиж томилогдсон хүмүүс. Өөрөөр хэлбэл, намын нэрээр өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч гэх статустай хүмүүс. Тиймээс эдгээр төлөөлөгч нар энэ асуудлаа иргэдийн хурлынхаа танхимд шийдэх ёстой. Түүнээс гарын үсгээ зураад нийгэмд хандаж асуудлаа шийднэ гэж байхгүй шүү дээ. Төлөөлөгчид гарын үсэг зурж болно. Хамгийн гол нь энд намын гишүүдийн оролцоо намын бодлого нь хаана байгаа. Зүгээр нэг гарын үсгээ зураад асуудлаа шийдчихдэг юм бол нам гэж байгаад яах юм бэ. Хэн дуртай нь хурлын даргаа огцруулна гээд хэн нэгний эрх ашгийг гүйцэлдүүлж болохгүй биз дээ. Энэ нам чинь өөрөө бодлоготой, төлөвлөгөөтэй, асуудалд бодитой ханддаг. Бид энэ оролцоог хангаж өгөх гэж намын гишүүн болсон хүмүүс.