Шадар сайд У.Хүрэлсүх “Херо”-гийн Баатартай утсаар ярьсан бичлэг цацагдсан нь энэ жилийн хамгийн дуулиантай хэргээр шалгарч магадгүй байна. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулиас хойш л намынхаа удирдлагуудтай тун ч ширүүн дориун харьцаж, ялагдлын шалтгааныг идэвхтэй эрэлхийлж байсан. Тэгэхдээ улстөрийн томчуудын ялзрал, олон нийтийн эрх ашиг зэргийг маш оновчтой харьцуулан, зоригтой дуугарч байсан тул хүмүүс түүнд талтай байв.
Гэвч түүний хайгаад сонгуулийн ялагдлын шалтгаан нь мөнөөх МАН-ын дарга, удирдлагууд биш У.Хүрэлсүх өөрөө байсан гэдгийг нийгэм даяар баримттайгаар мэдсэн билээ. Үүнээс эхлээд олон нийт МАН-ын зүгээс гарч буй хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж, улстөрийн ууган хүчин энэ мэт сөрөг ажиллагаанд тэсч үлдэх, эсэхийг харах болсон. Гэхдээ У.Хүрэлсүх болон Х.Баттулга нарын улстөрийн наймаа, тохирооны эцсийн зорилго юу байв гэдэг дээр хэд хэдэн таамаг дэвшүүлж байна.
Юун түрүүнд, У.Хүрэлсүх АН-тай үгсэж намынхаа даргыг УИХ-ын даргын суудлаас авч хаях ёстой байсан хэмээн үзэж байгаа. Энэ нь ч оргүй таамаг биш. Учир юу гэвэл, мань эр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гараагүй байхад шахам л М.Энхболдоос албыг нь нэхэж эхэлсэн. Мэдээж М.Энхболд үүнийг зүй ёсны шаардлага гэж үзээд хүлээн авсан. Гэхдээ У.Хүрэлсүхэд энэ нь хангалтгүй байв уу, яав. МАН-д түүний удирдлагаар хөдөлдөг Зүүний хүчний холбооны залуусыг турхирч, элдэв хэл ам хийсээр өнөөдрийг хүрэв. Тэгэхээр намын даргыг огцруулах төдийгөөр тэдний зорилго биелэхгүй нь.
Дараагийн таамаг нь Засгийн газрыг тараах. Энэ ч ойлгомжтой. Сүүлийн үед болж буй хэрэг явдлууд үүнийг гэрчилнэ. Гэвч энэ операцид У.Хүрэлсүх өөрөө харагдсангүй. Яагаад гэвэл одоо түүнд “шударга” тэмцэл хийх нүүр үлдээгүй. Олон нийт түүнийг сөрөг хүчний хорлон сүйтгэгч гэж харах болсон.
Тиймээс одоо Зүүний хүчний холбооноос түүнийг төлөөлчихөөр дориухан залуус Засгийн газрыг элдэвлэх болсон ч арга барил нь хэнийх вэ гэдэг ойлгомжтой. Гэхдээ энэ ажиллагаа маш эрчимтэй явагдаж байгааг энд дурдах хэрэгтэй. Одоо Засгийн газрыг зориудаар харлуулах ажиллагаа МАН доторх зөрчил гэхээс илүү улстөрийн асар том ашиг сонирхол гэдэг нь тодорхой болж АН ч шаламгайлан оролцож байгаа. Харин АН-ын аяг байдал МАН-ын доторх эсрэг фракцынхтай тун адилхан байгаа нь хачирхалтай.
Ингээд харахад, олноо “Топоор ажиллагаа” гэж нэрлэгдэх болсон үйл явдал зөвхөн намын удирдлагыг гартаа авах, эсвэл Засгийн газрыг огцруулах зэргээр гол зорилгоо тодорхойлохгүй. Үүний цаана байгаа хамгийн том санаархал нь бараг зуун жилийн түүхт МАН хэмээх улстөрийн манлайлах хүчнийг хувааж, задлахад оршиж байгаа аж.
Мэдээж Монгол Улсад тогтвортой байдал, тогтвортой Засгийн газар амин чухал хэрэгтэй ч сөрөг хүчний тухайд үүнийг үл хамааран, МАН-ыг дотроос нь задалж, улмаар улстөрд өрсөлдөгчгүйгээр ноёрхох нь туйлын чухал зорилго бололтой.
эх сурвалж: erennews.mn