Монгол дасгалжуулагчдыг дэвжээнээс хөөж байсан Турк шүүгч өнөөдөр тэднийг тэвэрч байна

Монгол дасгалжуулагчдыг дэвжээнээс хөөж байсан Турк шүүгч өнөөдөр тэднийг тэвэрч байна

онголын дасгалжуулагч нарын “стриптиз” үзүүлбэр үзүүлэн Рио 2016 наадмын гол дуулиан боллоо хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан үе саяхан. Бүүр Монгол дасгалжуулагч нарын хагас нүцгэн зурагтай подволк хүртэл худалдаанд гарч нэлээдгүй ашиг олсон сурагтай байсан.

Рио 2016 наадмын сүүлчийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд манай бөх Г.Мандахнаран дагах барилдаан хийж хүрэл медалийн төлөө Узбекистаны Ихтиёр Наврузовтай барилдсан юм. Улмаар Ганзоригийн Мандахнаран торгуулийн оноогоор дийлдэж, эцсийн мөчид олимпын медалиа луйвардуулсан хэмээн үзсэн. Монголын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр, Бямбаренчингийн Баяраа нар эсэргүүцлээ илэрхийлэн цамцаа тайлсныг олон улсын хэвлэл янз бүрээр ярьж бичиж байв. Улмаар манай шүүгчдийг дэвжээнээс Туркийн шүүгч хөөж, Бразилын цагдаагийнхан дэвжээнээс буулгаж байсан юм.

Тэгвэл “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон алтан медаль хүртэж Монгол түмнийхээ магнайг тэнийлгээд байна.

Тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж дэлхийн аварга болсон юм. 

Тус тэмцээний тухай нэгэн зураг сошиал орчинд тун ч алдаршаад байна. Тухайлбал, нэгэн цагт Рио-2016 олимпын дэвжээнээс хөөгдөж байсан дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нартай тэднийг хөөж байсан Турк шүүгч тун ч дотноор зургаа татуулжээ. Зураг авахуулахдаа Монголын хоёр шүүгч маань өөрсдийн зурагтай подволкоо өмссөн байсан нь олныг анхаарлыг ихэд татсан байна. Мэдээж дэлхийн аварга болсон П.Орхон ч зурган дээр цуг байгаа юм.

П.Орхоны хувьд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорч байна. Мөн С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болж төрийн далбааг Парисын тэнгэрт мандууллаа.  

Б.Янжиндулам

www.zindaa.mn