АН засаглаж чаддаггүй, МАН жагсч чаддаггүй гэдэг үг “мода”-наас гарсныг харуулж МАН-ын гомдогсод Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаар далимдуулж төр, засгийн эрх мэдлийг гартаа авахаар улайрч байна. Засгаа огцруулна гэж УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурав. Хотын дарга нараа солино гэж 16 төлөөлөгч өргөх бичиг барив. Яагаад гэсэн чинь, “Засгийн газар муу ажилласнаас болж Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан” юм гэнэ ээ. Бас сонгуульд зарцуулах мөнгөө босгох гэж ярилцсаныг нь бичлэг хийгээд олонт тараасан учир хуралд сууж байсан хүмүүсийг огцруулах ёстой юм гэнэ ээ. Байнгын хорооны дарга нар нь Засгийн газраа унагаад сайд болно гээд зүүдэлчихсэн. НИТХ дахь давхар дээлгүй төлөөлөгч нар нь хотын агентлаг, ОНӨҮГ, засаг, хурлын даргын суудал мөрөөдчихсөн жирийж явах.
Уучлаарай МАН-ынхаан. Арван таван толгойтой атгаалжин цэнхэр АН-ынхан арван тийшээ фракцлаад, нэгнээ дэгээдсээр улсын ажил явуулсангүй гэж өчнөөн шүүмжилсэн биз дээ. Талцал, хуваагдлаас нь болоод, сандал ширээний хэрүүлээсээ болоод тэд эдийн засгаа муутгасан гэж бүтэн жилжин ярьсан биз дээ. Төр барьж байгаа нам дотроо хуваагдахаар, эрх мэдлээ булаацалдахаар улсаа яаж дэгээдэж унагадгийг хангалттай харсан ард түмэн чинь “Ах нам юм. Туршлагатай, тулхтай, түүхтэй улс төрийн хүчин юм. Алдаж явахад нь аав шиг нь босгоод ирдэг юм” гээд та нарыг сонгосон биш билүү. АН-ын алдааг засаад явчихна, аятайхан шиг улсаа босгоод ирнэ гэж итгэсэн биш бил үү.
Гэтэл та нар яав. Ганц удаагийн, нэг хүний албан тушаалын сонгуулиар ялагдлаа гэж төр, засгаа хүртэл солино гэнэ. Төр, засгийн тогтвортой байдал, тууштай бодлого амласан чинь яасан бэ. 2020 онд иргэддээ тайлагнахын тулд тасралтгүй урагшлуулах ёстой ажлуудаа яасан бэ. Зун эхэлсэн хэрүүл чинь намартаа золголоо МАН-ынхаан. Зунжин буцалсан хэрүүл чинь төрийн хэрүүл болж хувирлаа МАН-ынхаан. Намын батлах өвөртөлсөн гишүүд чинь итгэл алдарлаа МАН-ынхан. Нам доторх хэрүүлээ төрийн ажлаас хол байлгаач. Үүнийг чинь сануулж Тусгаар тогтнолын ордонд чинь намын үүрийн дарга нар чинь суулт хийгээд байгаа юм биш үү. Улаан малгай өмсөөд урдах замыг чинь, урагшлах ажилтай чинь сануулаад байгаа юм биш үү. 400 гаруй хүн цугласан гэж өнөөдөр мэдэгдлээ. 400 өрхийн тэргүүн “улаан малгай”-гаа өмсөөд тогтвортой төрийг хүслээ. Нам доторх асуудлаа түр хойш тавиад эдийн засгаа тэтгэх, өвөлд бэлдэх ажлаа бод. Нам доторх зодооноо болиод “Аз жаргалтай хот”-оо бүтээ.
Ачаа даавал даасан шиг даачихдаг. Ажил хийвэл хийсэн шиг хийчихдэг байх хэрэгтэй. Болохгүй юу хийчихсэн юм. Ганц сонгуульд л ялагдаа биз дээ. Ялагдлаасаа сургамж аваад илүү сайн ажиллаад, улам л нягтрах ёстой юм биш үү. 60 тэрбумыг босгох тухай ярьсан л гэнэ. Намдаа 60 байтугайг олж ирвэл сайн л биз дээ. Хийж чаддаг хүн нь, ажлаа мэддэг дарга нь хэдэн цаас намдаа сарвайгаа л биз. Ер нь тэр мөнгийг авсан үгүйг хэн нотлох юм. Хуулийн байгууллагууд чинь нотолж чадахгүй л байгаа биз дээ. Нотлоогүй үндэслэлээр хүн солих гэж байгаа чинь шалтаг юм биш үү, хүрэлсүхчдээ.
Үнэнийг хэлэхэд, дахиад төр солигдохыг, дахиад төрийн албаа хөдөлгөхийг чинь хүсэхгүй байна МАН-ынхаан. МАН-аа шинэчилнэ гээд дайраад байгаа хүмүүс тэгээд юу шинэчлэх гэж байгаа юм. Намаа шинэчлэх гэж байгаа бол дүрмээ, журмаа сайжруулж сахилга батаа дээшлүүл. Хүчингийн хэрэгт холбогдсон гишүүн нь ч ичихгүй тэр тухайгаа Төрийн ордонд няцаагаад сууж байна. АН шиг даргаа сунгаагаар, дэвшигч нараа дотоод сонгуулиараа тодруулдаг бол. Тэрнээс биш намын дотоод ажлаа төрийн ажилтай бүү хутга. Улс төрийн хариуцлагаа төрийн албатай бүү хутга. Төрөөс чинь үйлчилгээ авах гэж байгаа иргэд, аж ахуйн нэгж чинь чирэгдэнэ.
Төрөөр тоглох гээд байгаа бол битгий МАН-ын шинэчлэл гэж худлаа ярь. “Би сайд болмоор байна. Би дарга болмоор байна. Одоо миний ээлж” гээд үнэнээ л хэл. Иргэд чинь бараг гадарласан, шинэчилнэ гээд гүйгээд байгаа нөхөд ширээ сандлаа л шинэчлэх гэж байгааг. Их хурал, бага хурал чинь болох гэж байгаа бол тэрэн дээрээ намын албан тушаалаа авцгаа. Тэр хүртэл төрийн ажлыг бүү зогсоо. Алдаж байгаа хугацаа чинь ахиулан хийх ажлыг чинь алж байна. Амжилт гаргах хугацааг чинь идэж байна. УИХ-д 65 суудал өгч Үндсэн хуулиа өөрчил, эх орноо хөгжүүл, эдийн засгаа өөд нь тат гэж байхад итгэл даахгүй бол 2020 онд иргэдээсээ битгий суудал гуйгаарай. Хэвлэлээр нэгнээ гөвөх юм, тэр мөнгөө сургуульд хандивлаач. Хэрэлдэж уралцаж байхын оронд улсынхаа төлөө нэг танхимд хамтраад ажиллаач гэж зөвлөе.
С.БАЛТ
эх сурвалж:news.mn