Монгол Улсын Шадар сайд улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалд тайлбар хийсэн ярилцлагыг 2017 оны 08 сарын 28 өдрийн “Өнөөдөр” сонины дугаарт өгчээ. Түүний ярилцлагаас хэд хэдэн анхаарал татсан ишлэл ажиглагдаж байна.
Нэгд: Төр мафижиж, нам компанижлаа гэсэн үгийг ярилцлагын толгой гарчиг болгож өгөв. У.Хүрэлсүхийн хувьд ч ярилцлагынхаа үг, агуулга, өнгө аясыг дээрх толгой гарчигтаа наалдуулан өгөх гэж оролдсон байна. У.Хүрэлсүхийн хувьд Төрийн мафижиж байгаа явдлыг эрс эсэргүүцнэ. Монголын зовлон бол Төрийн мафижсан систем. Мөн нэг компани төрийн толгой дээр гарчихдаг гажуудал. Үүнийг л засахын тулд энэхүү Улс төрийн ширүүхэн маргаан дэгдэж байгаа гэсэн тайлбарыг өгсөн байна.
Хоёрт: Засгийн газрын тодорхой бус байдал. Нэг танхимынхан хоорондоо ойлголцож чадахгүй байгаа явдлыг таслан зогсоох цаг болсон. Засгийн газар тогтвортой байна гээд шударга бус зүйлийг өмгөөлөх ёсгүй. Эргэж буцсан шийдвэр гаргадаг Засгийн газраас салах цаг болсон гэдэг дээр байр сууриа У.Хүрэлсүх илэрхийлсэн байна. Түүний хувьд Засгийн газрыг шүүмжилж байгаа 2 л өнцөг байна. Нэг нь өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан олон шийдвэр эргэж буцсан явдал. Энэ түүнд ч хамаатай асуудал. Хоёрт 807 тэрбум төгрөгийн концессын гэрээг давуу эрх олгож компаниудад өгсөн явдал. Бас л Засгийн газрын шийдвэр. У.Хүрэлсүхэд ч хамаатай л хэрэг.
Гуравт: Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалд өөрийгөө буруугүй. Харин ч нэр дэвшигчээ ялуулахын тулд чөмгөө дундартал зүтгэсэн. Олон аймаг, сумаар орж, ард иргэдтэй уулзсан.Нэр дэвшигчээ хамгаалж, өмөөрч, олон үг ярьсан гэдгээ тайлбарласан байна. Харин өөрийг нь буруутгаад байгаа Херо студийн найруулагч Баатартай утсаар ярьсан тухайдаа тайлбар өгөв. У.Хүрэлсүх: Херотой ярьсан. Наадмын өмнө, сонгуулийн дараа ярьсан. Энэ бол эвлүүлэг биш. Эрлийз адуу уралдуулахгүй гэдэг бол М.Энхболдын ойр тойрных нь хүмүүсийн захиалга. Ер нь 2015 оноос эхлэн мөрдөж байгаа, баримталж байгаа зарчим гэжээ.
Дөрөвт: Өөрийгөө нь тагнаж чагнасан гэх хэргийг хууль хяналтынхан замхруулж, өөрийг нь мохоох гэж зүтгэж байна. Шадар сайдыг тагнаж чагнасан гэх хэргийн гэрч хэрэгтэн болдог. Түүнийг нь ил гаргасан цагдаагийн ажилтан гэмт этгээд болдог. Хохирогч нь яллагдагч болдог Хууль хяналтынхан ажиллаж байна. Шадар сайдыг ингэж байгаа хууль хяналтынхан жирийн иргэн, бизнес эрхлэгчийг хэн ч биш болгох юм байна. Ингэж намайг мохоож, айлгана гэвэл бүтэхгүй. Харин ч энэ хууль хяналтынхан хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдэлж, өөрсдөө буруутан болох цаг ирнэ шүү гэдгийг шүд зуун хатуухан мэдэгджээ.
Тавт: У.Хүрэлсүх тэмцлээ зогсоохгүй. Тохиролцохгүй, харин ч намын даргын төлөөх суудлыг аван автлаа тэмцэх болно гэсэн мэдэгдлийг хийлээ. МАН-ын даргын төлөөх суудлыг авахын тулд эцсээ хүртэл үзнэ. Намын даргын төлөөх өрсөлдөөнд орохын тулд 3 алхмыг баримтлах юм байна. Нэгд баялгийн сан байгуулна гэсэн бодлогыг дэвшүүлнэ. Хоёрт: Төрийн нэгдсэн стандартыг бий болгоно. Гуравт Үндэсний ялгарал, соёлын дархлаагаа сайжруулах алхмыг хийхээр зэхжээ.
Ийнхүү удтал чимээгүй байсан У.Хүрэлсүх хэвлэлд ярилцлага өгч иргэдийн хүлээлтийг намжаав. Гэхдээ түүний ярилцлага тийм ч далайцтай, бас шийдэмгий, хурц байж чадсангүй. Бусад хүний тоть шиг давтсан цөөн хэдэн сэдвийн хүрээнд л эргэлдээд дуусчээ. Шинэлэг, шийдэмгий үг, өгүүлбэр, бодлого У.Хүрэлсүх гэдэг хүний ярилцлагаас төдийлөн ажиглагдсангүй. Гагцхүү У.Хүрэлсүх Намын даргын төлөө өрсөлдөхөө л ил зарлав.