У.ХҮРЭЛСҮХ ХӨӨГДӨХ БОЛЗЛОО ХАНГАЛАА

У.ХҮРЭЛСҮХ ХӨӨГДӨХ БОЛЗЛОО ХАНГАЛАА

У.Хүрэлсүх гэж хэн бэ? УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тодорхойлсноор тэр бол МАН доторхи “Топор” нэртэй тагнуулч муужгай. “Херо” Б.Баатартай утсаар ярьсан бичлэгээс нь үүдэж оноосон энэ нэр нь МАН дахь У.Хүрэлсүхийн улс төрийн орон зайг үлэмж хэмжээгээр хумиад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч, намын даргынхаа эсрэг ажилласан, Х.Баттулгын ард байсан гэдгийг нь илчилсэн уг бичлэгээс үүдэж түүнийг намаас хөөх тухай яриа Тусгаар тогтнолын ордны цагаан байрнаас халиад байв. Гэвч олон нийтийн сүлжээгээр задарсан энэ бичлэг У.Хүрэлсүхийн МАН-аас хөөгдөх болзлын ердөө нэг нь л байжээ. Саяхныг хүртэл МАН-ын дараагийн даргаар шууд нэрлэгдэж явсан түүнийг тагнуулын тухай бас нэгэн зохиолын автор байсныг Авлигатай тэмцэх газраас илчилж орхилоо. Өөрийг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тагнуулаар мөрдүүлж байна гэх асуудлыг У.Хүрэлсүхийн зөвлөх тэргүүтэй баг нь хэвлэлийнхэнд анх дэлгэж, сошиал орчинд  ч тэр тухай мэдээллүүд эрчимтэй цацагдаж байсан нь саяхан. Тэгвэл үнэндээ У.Хүрэлсүх тагнуулын тухай энэ зохиолыг өөрөө найруулж, өөрөө гол дүрд нь тоглоод зогсохгүй өөрийн итгэлт хүмүүсээр гүйцэтгүүлсэн нь мөрдөн байцаалтаар нотлогджээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог өнгөрсөн баасан гаригт энэ тухай мэдээлэл хийж, “Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй. Тодруулбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн” гэсэн байх юм.  

Дахиад асууя, У.Хүрэлсүх гэж хэн бэ? Сүүлийн үеийн тагнуултай “хэрэг”-үүдийг эс тооцвол тэр МАН-ын 1990-ээд оны гишүүн. Улс төрийн туршлагаас нь харвал 27 жил Монголын улс төрийн тэргүүн эгнээнд явж, албан тушаалын хуваарилалтын эхний байранд зогсч яваа. Харин яг галын шугаманд явсан уу гэвэл л эргэлзээтэй байх. 2012-2016 онд МАН-ын жирийн гишүүд бүхэлдээ шахуу гудамжинд гарч, УИХ-д бүлэг ч байгуулах чадамжгүй болчихоод байх үед тэр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж л байсан. Гадна талаас нь харахад албан тушаалтай зууралдалгүй, ар гэрээ нэгд тавилаа гэх имижийг бүрдүүлж чадсан ч улстөрчийн хувьд У.Хүрэлсүх сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээс шулуухан татгалзсан нь л тэр байсан юм. МАН дотор ч тухайн үед “Монгол төрийн босго намхан, хаалга савлууртай болжээ” гэх яриа гарч, У.Хүрэлсүхийг галын шугамнаас зугтаж, арын фронт руу очлоо гэх яриа олон гишүүнээс нь сонсогдож л байлаа. Харин тэр Ардын нам ялагдах бүрт явж, эрх мэдэлтэй болох үед буцаж ирдэг нь ч бодит үнэн. АН засагласан он жилүүдэд найман сарын настай хамтарсан Засгийн газар байгуулахад Австралид амьдарч байсан У.Хүрэлсүх ирээд л Ардын намын квотоор шууд Монгол Улсын Шадар сайд болж байв. Сөрөх үед нь хаяж явчихаад хамтрах үед нь хүрч ирээд хамгийн том бялууг хүртсэн нь тэр. 2016 оны УИХ-ын сонгуульд ч ялгаагүй тэр Хэнтийн тойрогт нэр дэвшиж, нэг ч болтугай суудал намдаа авчир гэсэн Удирдах зөвлөлийн саналыг тэс зөрж, өөрөө өрсөлдөөөнд оролгүй хойш суусан ч Засгийн газар эмхлэн байгуулагдахад шууд л Шадар сайдаар томилогдсон. Засаг талаасаа хоёр дахь хүн болох Шадар сайдын ажлыг хоёронтоо хийж байгаа түүх нь энэ. Үүнээс гадна Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, УИХ-ын гишүүн гээд зарим улстөрчийн мөрөөдөөд ч хүрэхгүй албан тушаалуудад тэр л МАН-ын томилгоогоор очиж байсан. Нам талаас нь яривал МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга буюу дээрээсээ хоёр дахь албан тушаалд ч суусан цөөхөн хүний нэг нь бас л У.Хүрэлсүх.

Улстөрчийн баян намтар нь энэ мэтээр үргэлжилдэг У.Хүрэлсүхийн хувьд МАСЗХ-ны казиногийн хэрэг, Э.Мөнх-Очирыг өрөөндөө, Г.Баярсайханыг ордонд цохисон, МАХН нэрнээс “Хувьсгалт” гэх үгийг хассан гээд олон үйл явдалтай нэр холбогддог. Гэлээ ч энэ бүх хугацаанд тэр МАН-ын албан тушаалын хуваарилалтад ямагт тэргүүн эгнээнд зогсч, бялууны хамгийн зузаан зүсмээс хүртсээр яваа нэгэн. Харин ийм хүн яагаад өнөөдөр намаа хувааж, засгаа унагаах гэж яваа нь тун сонин. Өөрөө намын дарга болж, улмаар Ерөнхий сайд болох гэсэн хүсэл нь “Херо” Б.Баатартай хийсэн ярианаас нь, тагнуултай зохиолоос нь ч тодорхой болж ирлээ. Иймээс л түүнийг хариуцлагаа хүлээж, МАН-ын гишүүнээс хөөгдөх болзлоо нэгэнт хангасан гэж үзэх хэсэг МАН-ын дотоодод жин дарж байгаа биз. Уг нь хөөгдөж байснаас өөрөө өргөдлөө өгөөд, уучлал гуйгаад явбал МАН-ын ч, У.Хүрэлсүхийн ч нэр хүндэд хэрэгтэй байх даа.

 Ж.САРУУЛ

эх сурвалж: өнөөдөр сонин