Ж.Эрдэнэбатыг огцруулах хүсэлтийг УИХ-ын 29 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн бариад байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар өчигдөр 7 цаг орчим МАН-ын гишүүд бүлгийн хуралдаан хийж ярилцжээ. Тодорхой шийдвэр гаргаж амжаагүй ч ерөнхийдөө тохирсон гэх мэдээлэл цухалзаж байна.
Бүлгийн хурлын үед хамгийн ширүүн аашилсан гишүүн нь Ц.Нямдорж. Түүний хувьд олон асуудалд шүүмжлэлтэй хандсан. Үүгээр зогсохгүй Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт бүлгийн гишүүдийнхээ өмнө гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Засгийн газартай бүхэлд нь хариуцлага тооцохгүй ч гэсэн алдаа гаргасан, хувийн эрх ашгаа бодсон сайд нартай хариуцлага тооцох нь зөв гэсэн байр сууринаас тэрээр ханджээ.
Бүлгийн хурлын хувьд 3 гол асуудлыг хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлсэн гэнэ. Нэгд Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгаан. Хэнд ямар хариуцлага тооцох тухай. Энэ тал дээр хэт өргөн яриа өрнөөгүй. Тэгс гээд намынхаа бага хурлаар шийдэх учир гэсэн байр суурь гарч намжсан гэх мэдээлэл байна. Хоёрт 60 тэрбумын хэрэг. Үүн дээр гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Олон гишүүн уг хэргийг нэг мөр эцэслэн шийдэж, асуудлыг нэг талд нь гаргах нь зүйтэй гэдэг дээр тогтжээ. Нэг үгээр хэлбэл Ц.Сандуйтай хариуцлага тооцох эсэхийг Нийслэл дээрээ шийдэх нь зөв гэдэг гаргалгааг гаргасан байна. Харин олон гишүүн Ц.Сандуй ажлаа өгье гэж байхад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өгүүлээгүй. Намын нэр хүнд учир ажлаа битгий өг гэж хэлээд үлдээсэн. Гэтэл өнөөдөр өөрөө өөр зүйл ярьж, асуудлыг дэвэргэж байгааг шүүмжилсэн байна.
Засгийн газрыг огцруулах эсэх асуудал дээр бүлгийн гишүүд 2 хуваагдсан хэвээрээ байна. Тэд нэг талдаа гарах боломж нь Засгийн газрыг бүхэлд унагаахгүй. Харин шүд сугалах зарчмаар зарим сайд нарыг солих асуудлыг хөнджээ. Үүн дээр олонхи гишүүн санал нэгдэж байгаа тухай чих дэлсэв. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн сайд Цогцэцэг, Зам тээврийн сайд Ганбат гэх зэргээр огцруулах талаас нь ярьж болох дээр гишүүд санал нэгдсэн гэх мэдээлэл байна. Хамгийн түрүүнд огцруулах магадлалтай сайд бол Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ. Түүнийг огцруулах үндэслэл олон. Жанжин штаб дээр хариуцлага алдаж, сургалт хийж байсан цэргийн албан хаагчид тэсэрч амиа алдсан. Мөн хадлан бэлтгэж байсан цэрэг усанд живж амиа алдсан хэрэг саяхан гарав. Энэ бүхэн нь түүнийг огцруулах хангалалттай үндэслэл. Мөн Ж.Эрдэнэбатыг огцруулах шалтгааны нэг болчхоод байгаа концессын асуудлаар нэр холбогдсон сайд нарыг ч татаж болзошгүй байна. Мөн Цагаан хадны асуудал дээр дөрөөлж Зам тээврийн сайдыг ч огцруулж болзошгүй. Энэ мэтээр Засгийн газрын 7-8 сайдыг огцруулах хэлбэрээр Ж.Эрдэнэбатыг суудалтай нь үлдээх тохиролцоог хийх боломжтой гэдэг дээр МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн бололтой. Иймд уг асуудлаар эцэслэн байр сууриа тогтохыг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад үүрэг болгож сөргөлдөгч талууд болох У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ болон Ж.Эрдэнэбат, М.Энхболд, Ж.Мөнхбат нарыг шөнө тусдаа уулзахыг үүрэг болгожээ. Тэд чухам уулзаад тохирч чадах эсэхээс бүх зүйл шалтгаална