МАН-ын шинэчлэлийн хороо. Энэ үг олон хүнд танил сонсогдож байгаа биз. Уг үгийг угшлаа мэт болгосон эрхэм бол яах аргагүй одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан. Түүний хувьд МАН-ыг өмнө нь МАХН гэж байхад л шинэчлэлийн хороог байгуулж, намынхаа удирдлагыг эсэргүүцэж байсан билээ. Түүний шинэчлэл чухам юу байсан вэ?
Аюурсайхан болон түүний нөхөд яг ямар шинэчлэлийг намдаа хийгээд таг дуугүй болсон вэ? энэ л асуултын хариулалт өнөөдөр алга. Шинэчлэлийн хороо гэж баахан орилж, чарлаж байгаад л Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болоод таг дуугүй болсон эрхэм бол яах аргагүй Аюурсайхан гэж болно. Албан тушаалд хүрэхийн тулд л шинэчлэл ярьж, асуудлыг дэвэргэж, дарга нарынхаа хараанд өртөх аргыг тэр хэзээнээсээ ашиглаад сурчихаж. Ингэж хэлэх болсон нь өнөөдөр өрнөж байгаа үйл явц юм.
Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичгийг Т.Аюурсайхан гишүүн албан бланк дээрээ бичиж, гишүүдээр гарын үсэг зуруулав. Сэтгүүлчид түүнээс та дараагийн Засгийн газарт сайд болох уу гэсэн асуултыг хэд хэдэн удаа асуусан ч дүлэгнэж уурлаж, бухимдаж байгааг нь харахад түүний зорилго сайд байж болох л талтай. Хэрэв тийм биш байсан юм бол шууд л сайдын суудалд суухгүй гээд хариулчихаж болно. Гэтэл Т.Аюурсайхан гишүүн ингэж хэлж зүрхлэхгүй байна. Арга ядахдаа ард түмэн намайг дуудвал сайд болно гэх утгатай үг хэллээ. Т.Аюурсайхныг ард түмэн Засгийн газрын сайд бол гэж хэлэх боломж, нөхцөл ч байхгүй. Тэр ард түмэн гэсэн үгээр л халхавч хийж сууна. Яг үнэндээ Засгийн газрын хувь заяаг ард түмэн шийддэггүй. Харин өөр шиг нь гишүүн нэртэй хувалз нар л шийддэг гэдгийг тэр маш сайн мэдэж байгаа. Ийм ч учраас дээрх үгийг хэлж, өөрийнхөө хүсэл тэмүүллийг хойш нь тавьсан байж болзошгүй ээ.
Хэрэв Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч дараагийн засаг байгуулагдах юм бол Аюурсайхан гэдэг сайдтай болчихсон байвал та бүү гайхаарай. Түүний шинэчлэл бол албан тушаал гэдгийг ахин нэг батлан харуулах биз ээ.