Нийслэлийн иргэдийн хурал дахь АН-ын бүлгээс өнөөдөр улс төрийн акц хийв. НИТХ хуралдахгүй байна. НИТХ ажлаа хийхгүй байгааг шүүмжлэв. Мөн хажуугаар нь Нийслэлийн засаг дарга С.Батболдыг огцрохыг шаарджээ. Гэтэл бас дотор нь Улаанбаатар хотын төв зам буюу энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих авто машиныг зүүн гар эргүүлэхгүй байх шийдвэрийг цуцлахыг бас шаардлаа.
НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс улс төрийн акц хийж, сөрөг хүчнийхээ дуу хоолойг хамгийн чанга өргөх ёстой. Гэхдээ хэзээ, хаана, хэрхэн, ямар хэлбэрээр яаж зохион байгуулах вэ? энэ бол чухал.
НИТХ хуралдсангүй. Ийм гомдлыг зөвхөн НИТХ дахь АН-ынхан хэлээгүй. МАН-ын төлөөлөгч нар ч ийм үгийг унагаж байгаа. МАН-ын төлөөлөгчдийн хувьд ойлгомжтой сандал суудлаа булаацалдсан асуудал. Гэтэл НИТХ дахь АН-ын бүлгийн хувьд дарга нарыг шахаж ажиллах ёстой. Гэтэл эрх баригч намынхаа улс төрийн тоглоомонд орж, дунд нь цуг гүйгээд байж болохгүй. НИТХ ээлжит хуралдаанаа хийхгүй бол ийм хариуцлага, тийм хариуцлага нэхнэ гэж том дугар л даа.
Нийслэлийн засаг дарга С.Батболдыг огцор гэж жагсаалд оролцогчид орилж байна. Орилох нэг хэрэг. Шалтгаан нь чухам юу вэ? Улаанбаатар хотын ажил урагшлахгүй, өнгө нь гундуухан, өмнөх 4 жилийнх нь биш байгаа. Үүнийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байна. ийм нөхцөлд ажлын алдаа дутагдлыг нь тодорхой хэлж, Нийслэлийн Засаг даргыг огцруулахыг шаардах хэрэгтэй. Улаанбаатар хотын ажил гэдэг угтаа бол НИТХ-аас илүүтэй Нийслэлийн засаг дарга, түүний тамгын газрын нуруун дээр явдаг. Үүнийг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс бол НИТХ дахь АН-ын бүлгийнхэн.
Зүүн эргүүл. Ийм утгагүй шаардлагаар улс төр хийх нь НИТХ дахь АН-ын бүлгийг үнэндээ л жул харагдуулж байна. Улаанбаатар хотын төв замын ачааллыг бууруулах эхний алхам. Төв замын ачаалал 5% ч гэсэн буурч байг л дээ. Туслах замууд нь нэвтрүүлэх чадвар нь хүрэхгүй. Хүрэхгүй байгааг хотын удирдлага нь харж байгаа. Харин тэрийг нь нэмэгдүүлэх шахалтыг л НИТХ дахь АН-ын бүлэг хийх нь зөв улс төр. Улаанбаатар хотын түгжрэлийг арилгах шийдвэр, шийдтэй алхам хийхгүйгээр бахь байдагаараа яваад л байвал хэн хэзээ, хэрхэн хийх вэ? Өнгөрсөн 4 жил зүүн эргүүлэхгүй гэхээс илүү эрсдэлтэй шийдвэрийг АН-ынхан гаргасан. Э.Бат-Үүл тэргүүтэй Улаанбаатар хотыг удирдаж байсан АН-ынхан хийсэн шүү дээ. Тэр бүхэнд цаг хугацаагаа зөв тооцсон. Иргэдээ дасах боломжийг зуны дэлгэр цагт олгосон давуу тал байгаа. Харин өнөөдөр зүүн эргүүлэхгүй гэх шийдвэрийг хэт оройтуулаад л гаргачихсанд хотын удирдлагын алдаа оршиж байна.
НИТХ дахь АН-ын улс төр төв замын хөдөлгөөнийг зүүн эргүүлэх биш. Харин Улаанбаатарт тулгарч байгаа том асуудлыг шийдүүлэх. Жишээ нь хамгийн тулгамдсан бэрхшээл бол малын гоц халдварт Шүлхий өвчин. Улсынх нь Нийслэлд малын гоц халдварт өвчин гарчхаад байхад хорио цээр тогтоох төдийхнөөр арга хэмжээ аваад өнгөрч болохгүй. Өвчин гарсан шалтгааныг тогтоож, хариуцлага алдсан албан хаагчийг огцруулж, дахин ийм алдаа гаргуулахгүй байх дээр сөрөг хүчин анхаар.
Гантай жилийн өвөл хатуухан болно. Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна. НИТХ хуралдахгүй л гэж гомдохын оронд бүлэг дээрээ албан тушаалтан бүрийг дуудаж, асуудлыг судалж, арга хэмжээ авахыг яагаад шаардаж болохгүй гэж. Хэдхэн хоногийн өмнө НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү сургууль, цэцэрлэгийн асуудлыг ярьж байв. Тэрийгээ үргэлжлүүлээд хариуцлага алдсан нөхөдтэй л хатуухан яриа өрнүүлэхгүй яагаад хаячхав. Сургууль цэцэрлэг барих бол НИТХ-ын хийдэг ажил биш. Нэгэнт төсвийг нь НИТХ батлаад өгсөн бол хэрэгжүүлэх үүрэг нь Улаанбаатар хотын засаг дарга болон түүний харьяа агентлагт шилжсэн. Тэднээс хариуцлагаа нэх. Улс төрийн акц байгаа онох нь чухал юмсан.