“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулснаар Монгол, Орос БНХАУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад оролцох алхамыг улам бүр эрчимжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүнийг бусад оронд сурталчлан таниулж, борлуулах, БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах юм. Мөн экспо арга хэмжээний үеэр болох бизнес форумд оролцох, урт хугацаанд найдвартай хамтран ажиллах бизнесийн түнш олж экспортын үйл ажиллагааг эхлэх, өргөжүүлэхэд шаардлагатай мэдлэг ур чадварыг өгөх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн экспод Монгол Улсаас 320 гаруй аж ахуй нэгж оролцох урьдчилсан тоо гарч, бэлтгэл ажил хангагдаад байна. Мөн зөвхөн Монгол Улс, БНХАУ гэж хязгаарлагдахгүйгээр 30 гаруй орон урилгаар, ОХУ зочин орноор оролцох юм.
Түүнчлэн экспод оролцох аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх үүднээс МҮХАҮТ, Монголын менежментийн зөвлөхүүдийн институттай хамтран 9 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд “Монгол Хятадын Экспо 2017” үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулах юм.
Дашрамд дуулгахад хоёр дахь удаагийн экспо дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд монголын талаас хөрөнгө оруулалт ба гэрээ хэлэлцээрийн ажлын хэсгийг Үндэсний хөгжлийн газар, хурал форумын ажлын хэсгийг Гадаад харилцааны яам, Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, соёлын долоо хоног аян арга хэмжээг Соёл, урлагийн газар ахлан тус тус хамтран зохион байгуулж байна.