Улс төрийн сонгуулийн дараа жирийн ажилчдыг ажлаас нь халдаг практик гамшигийн хэмжээнд хүрээд байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН төр, Засгийн эрх мэдлийг авсанаар 40 гаруй мянган ажилчин албан хаагчдыг ажлаас нь халсан юм. Тэд цалингийн зээл, байрны зээл, автомашины зээлийг банкны байгууллагуудаас авсан нь өнөөдөр орлогын эх үүсвэргүй болж өрийн дарамтад орох, орон байрнаасаа хөөгдөх зэргээр ажилгүйчүүдэд тохиолддог нийтлэг бэрхшээлийг сөрөхөд туйлын хүнд болоод байна. Сэтгэлзүйн хувьд ганцаардал, сэтгэл гутралын хүчтэй процесс явагддагийг ч шинжлэх ухаан нэгэнт нотлоод байгаа билээ.
15 мянга гаруй ажилчинтай ОХУ-Монгол Улсын хувь нийлүүлсэн УБТЗ-ын ажилчдыг ч энэ хатуу хувь тавилан тойрсонгүй. Тус байгууллагын даргаар томилогдсон Д.Жигжиднямаа ажлаа авсан эхний мөчөөс халах солих үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Өнөөгийн байдлаар албан тушаал бууруулах, хүчээр тэтгэвэрт гаргах, бүтэц зохион байгуулалт, орон тооны цомхтгол, ажлаас халагдсан гээд нийтдээ 500 орчим хүний амьдралд шууд нөлөөлөх боловсон хүчний шийдвэр гаргажээ.
УБТЗ ХХН-ийн замын дарга Д. Жигжиднямаа нь 2016 оны 10-р сарын 3-нд ажил хүлээж авч маргааш нь буюу 10-р сарын 4-ний өдрийн Б-1-228 дугаар бүхий тушаалаараа Эрүүгийн хуулийн 109, 109.б зүйл ангиудаар 6 жилийн ял эдлэж байсан Барамсайн Оюунчимэгийг Хүний Нөөцийн Албаны даргаар томилсон .
Мөн 2016 оны 10-р сарын 20-ны өдөр Б-1-253 дугаар тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар нэг жил зургаан сар хорих ял ногдуулсон, ялтай байх хугацаа нь дуусаагүй Ж.Пунцаг гэж УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ болон ЗТХ дэд сайд Цогтгэрэлийн нарын дотнын найзыг Дотоод Аудитын албаны даргаар томилсон. Дээрх хоёр томилгоог яаралтай хийснээр Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг шалган, Хүний Нөөцийн Албаны дарга Б. Оюунчимэг тайлангийн хурал гэх ажлаас халах хурлыг зохион байгуулах үүргийг гүйцэтгэдэг байна.
Мөн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хууль бус үйлдлүүдтэй холбоотой баримтууд гадны болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсаар байгаа юм.
Улсын дээд шүүхээс ажилд эргүүлэн авахаар 16 иргэний хүсэлтийг шийдвэрлэсэн, мөн 60 гаруй иргэний хөдөлмөрийн маргаан шүүхийн шатандаа байна. Гэвч Улсын дээд шүүхийг шийдвэрийг үл тоон жирийн иргэдийг хохироож байгаа Д.Жигжиднямаад хэн ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй, холбогдох байгууллагууд хүсэлтийг нуун дарагдуулсаар байна.
Хуулийн засаглалтай, төр нь толгойтой улс оронд улс төрчдийн хормойд нуугдсан дарга нар хуулиа хэрэгжүүлэхгүй байхын эсрэг УБТЗ ХХН-гээс хууль бусаар ажлаас халагдагсан иргэд түр хороо байгуулан ажиллаж эхэлжээ.