Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд ялагдал хүлээж, Монгол Улс сөрөг хүчнийг төлөөлсөн Ерөнхийлөгчтэй болсон нь саяхан. Мэдээж, эрх баригч намын дарга ялагдал хүлээсэн явдалд олон хүчин зүйл нөлөөлсөн. “60 тэрбум”-ын сенсаци, иргэн Г.Доржзодовын мэдэгдэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын пиар багийн мэдрэмжтэй ажиллагаа, нийт эдийн засгийн байдал гэх мэт үнэхээр олон хүчин зүйл үйлчилсэн. Сүүлийн үед МАН-ын тодорхой хэсэг нь нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гэсэн мэдээ тарж байна. Энэ нь хэр ортойг хэлэхэд хэцүү. Гэхдээ МАН-аас УИХ-ын гишүүн болсон зарим нөхдийн үйлдэл нь ялагдах шалтгаануудад нэмэр болсон. Өнөөгийн Засгийн газрыг өмөөрөх, зөвтгөх үүднээс биш ганцхан зүйл хэлье. Төрд хоноцын сэтгэлээр хандаж ирсэн АН-ын хийсэн зүйлүүдийн ард гарах гэдэг бол үнэхээр хэцүү байсан. ОУВС-гийн хөтөлбөрт өнөөгийн эрх баригчид дурандаа хамрагдах болоогүй гэдгийг бодож үзэхэд илүүдэхгүй байх. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нэг шалтгааны тухай өгүүлье.
Өдгөө Монгол-Орос Улсын харилцааг илэрхийлэгч, хамтын ажиллагааны цор ганц баталгаа болсон УБТЗ-д ажил хаялт нүүрлэхэд ойрхон ирлээ. Хүмүүсийн хэлдэгээр “Төмөр замын Вант улс” гэгч энэ айлд 15.000 хүн ажиллаж 90.000 иргэний ахуй амьдрал шууд холбогддог. М.Энхболдын ялагдлын гол шалтгааны нэг бол төмөр зам дээр хэрэгжүүлсэн хүний нөөцийн бодлого байсан гэдгийг цаг хугацаа харуулж байна. Үүнийг баримтжуулан тайлбарлах хэрэгтэй болжээ. Яг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгэн онцлох үйл явдал болсон. “Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо” гэдэг байгууллага бий. Энэ нь “Монголын” гэдэг тодотголтой ч гэсэн, Монгол Улсад үндсэндээ УБТЗ-аас өөр төмөр замын байгууллага байхгүй учир УБТЗ-ын ажилчдын эрх, ашгийг хамгаалах байгууллага юм. Тус байгууллагаас энэ оны 6-р сарын 20 өдөр УБТЗ-ын удирдах газрын өмнө (харьяалалаар Баянгол дүүрэгт хамаарагдах), 6-р сарын 21-нд ЗТХЯ-ны өмнө (харьяалалаар Сүхбаатар дүүрэгт хамаарагдах) тус тус эсэргүүцлийн цуглаан хийх зөвшөөрлүүдийг албан ёсоор авсан байдаг. Яагаад энэ том айлын ҮЭ-ээс эсүүргүүцлийн цуглаан зарлах болов?
Зураг тайлбар: Төмөр замын ҮЭХ-ны жагсаал зохион байгуулах хүсэлт зөвшөөрөл,
ЗТХЯ-ны харилцан ойлголцохыг хүссэн хариу албан тоот
Үүний өмнө тус ҮЭХ-ны дарга Б. Баяраа нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, ЗТХЯ-ны сайд Д.Ганбат нарт албан захиагаар хандаж бухимдлаа илэрхийлсэн байдаг. Үүнд мэргэжлийн байгууллагад улстөрийн томилгоо хийж буй, боловсон хүчний бодлогоос үүдэн одоогийн засгийн газар, төрд итгэх итгэл алдарч буй тухай тодорхой өгүүлжээ. Намын нэрээр томилогдсон хүмүүсийн зан араншин, бусадтай харилцаж буй дээрэнгүй өнгө аяс, хамт олны санал авалгүйгээр шууд томилсон хүмүүсийн алдаатай бодлого үйл ажиллагаа нь МАН-ын нэр хүндийг төмөр замын салбар дунд эрс унагасан юм.
Зураг тайлбар: Мэргэжлийн бус томилгоо хийж буйг эсэргүүцсэн Төмөр замчдын ҮЭХ-ны мэдэгдэл.
Шаардлагатай арга хэмжээ авахгүй бол эсэргүүцлийн хэлбэрт шилжихээ сануулсан.
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод бичсэн захианы гол утга нь УБТЗ-д МАН-ын нэрийг барьж шинээр томилогдсон хүмүүс, намын зүгээс хүний нөөцийн асуудлыг завхруулж байгаа нь нийт төмөр замчдын дургүйцлийг хүргэж байгааг дурдаад, захианы төгсгөлдөө “танай намын гишүүдээс намынхаа нэр барьж эрх мэдлээ хэтрүүлэн, намын нэр хүнд, сонгуулийн үйл ажиллагаанд тань сөргөөр нөлөөлөх магадлалтайг анхааралдаа авна уу?” хэмээн бичжээ. Яг л харсан юм шиг хэлж. Үнэхээр төмөр замчид сонгуулиар МАН-аас нэгэнтээ нүүрээ бууруулсан байлаа. УБТЗ-д нийтдээ 16 мянга орчим хүн ажилладаг. Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг нь ойролцоогоор 15 мян хүрдэггүй ч гэсэн, нийтдээ 16 мянган хүн тус байгууллагаас хоолоо олж иддэг гэсэн үг. Зарим судлаачдын тооцооллоор бол нийтдээ 100.000 сонгогч УБТЗ-тай ямар нэгэн байдлаар холбоотой ажиллаж, амьдардаг гэж үздэг билээ. Ингээд 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудын үр дүнг харьцуулья.
УБТЗ-ын гол зам дайран өнгөрдөг аймаг, хотуудад МАН-аас нэр дэвшигч бүрэн ялагдал хүлээсэн. 2016 оны УИХ-ын сонгуулиар санал авсан байдлыг харвал МАН 305.358, АН 28.409, МАХН 4.222 сонгогчийн итгэлийг тус тус авсан байна. Харин 2017 оны сонгуулиар нэр дэвшигчид намын харьяаллаар 215.609, 308.833, 236.600 саналыг тус тус авчээ. Газрын зураг дээр нарийвчлан үзвэл УБТЗ-ын гол өртөө, зангилаа бүрт МАН ялагдал хүлээснийг харж болно. Үүнээс үзэхэд 2016 онд сураггүй байсан МАХН 230 мянган санал авч, АН 270 мянган саналаар нэмэгдсэн байна. Жилийн өмнө МАН-д бүрэн итгэл өгч байсан 90 мянган санал хаачсан бэ? Мэдээж хэрэг энэхүү судалгаанд учир дутагдал бий. Гэхдээ ерөнхий дүр төрхийг хангалттай харуулна. Үүний хамгийн ичгүүргүй, Монгол Улсын хууль, тогтоолыг уландаа гишгэсэн, ямар нэгэн ёс суртахууны тээглүүр байхгүй үйл явдал нь өнөөдөр “зарчимчаараа” алдаршиж байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй шууд холбоотой.
2016 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн шууд нөлөөллөөр Ж.Пунцаг гэдэг нөхөр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдсон. Албан тушаалыг нь бодохоор наад зах нь мэргэшсэн аудитор байх ёстой бөгөөд ёс зүйтэй, үнэнч шудрага хүн байх ёстой. Энэ албыг УБТЗ-ын “Авлигатай тэмцэх газар” хэмээн нэрлэдэг нь ч учиртай. Гэтэл Ж.Пунцаг гэгчид дээрх мэргэжил, зан чанар огт байхгүй. Түүнд байгаа ганц зүйл нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн дотны нөхөр. Тэгээд энэ Ж.Пунцаг гэгчийн тухай АТГ-аас гаргасан дүгнэлтийг үзье.
эх сурвалж: өглөөний сонин