Ажлаа өгөөд шалгуулахаар болсон 2 дахь улс төрч

Ажлаа өгөөд шалгуулахаар болсон 2 дахь улс төрч

НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхөөр болжээ. Ийм мэдээлэл өчигдөр орой гэнэт түгэв. 60 тэрбумын гэх хэрэгт буруутгагдаад байсан НИТХ-ын дарга Ц.Сандуй нь өмнө нь ажлаа өгөх тухай хэд хэдэн удаа ярьж байжээ.

2016 оны УИХ, болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгуулийн үед 60 тэрбумын бичлэг гарахад л тэрээр ямар нэгэн байдлаар албан тушаалд очихгүйгээр шалгуулж үнэн худлаа эцэслэхийг хүсч байжээ. Гэвч МАН-ынхан зүтгэсэн, бас эв нэгдлийг нэмдаа авчирсан улс төрчийг явуулахыг хүссэнгүй. Үүний зэрэгцээ 2016 оны Нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад Ц.Сандуйгийн үүрэг оролцоо, намын анхан шатны нэгжтэйгээ ажилласан ажлын өгөөж их байлаа. Энэ ч утгаар нь түүнийг нам нь албан тушаалд очихыг ятгах болжээ. Нийслэлийн МАН-ын гишүүд, иргэдийн хурлын төлөөлөгч нар 2016 оны сонгуулийн дараа Ц.Сандуйг Нийслэлийн засаг дарга болохыг шаардсан. Гэвч тэр намынхаа эв нэгдлийн төлөө уг албан тушаалаас татгалзсан байдаг. Харин намынхаа нөхдийн хүсэлтээр НИТХ-ын дарга болов. Харин өнөөдөр уг албан тушаалаасаа өөрийнхөө хүсэлтээр татгалзахаар болжээ.

2012 онд Нийслэлийн МАН хотод ялагдал хүлээж, тоох хүнгүй, тойгдох эзэнгүй болчихсон байхад нь Ц.Сандуй тус намын даргын албан тушаалыг авч анхан шатны үүр, хорооны гишүүдтэйгээ өдөр бүр уулзаж, шат шатанд нь хүрч ажиллсаны үр дүнд 2013 оноос 2016 он хүртлэх шат шатны сонгуульд Нийслэлийн МАН ялалт байгуулжээ. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн 7 дүүрэгт МАН ялагдал хүлээв. Энэ нь зөвхөн Нийслэлийн МАН-ын хорооны муу ажилласан үр дүн биш. Засаг төр, МАН-ын улс төрчдийн үйлдэл зэрэг олон хүн зүйл нөлөөтэй байлаа. Гэсэн ч тэр хариуцлагаа хүлээж Нийслэлийн МАН-ын даргын суудлаас татгалзаж байгаагаа мэдэгджээ.

60 тэрбум төгрөгөөр Төрийн албыг наймаалцахаар МАН ажиллаж эхэллээ гэх мсж-ийг 2016 оны сонгуулиас эхлэн тараасан. 2017 оны сонгуулиар уг хэргийн талаарх яриа улам эрчээ авав. Уг яриа гарах бүрт НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгч шалгуулахаа намынхаа удирдлагад мэдэгддэг байжээ. Гэвч МАН-ын удирдлага Ц.Сандуйн хичээл зүтгэлийг үнэлж, уг албан тушаалаас буулгахгүй гэж зүтгэсээр өнөөдрийг хүрсэн байна. Хэдийгээр МАН-ын удирдлага Ц.Сандуйг ажлаа өгч болохгүй гэж ятгасан ч тэр албан тушаалаа өгч байгаад асуудлыг шалгуулж, гэм буруугүй гэдгээ батлахыг илүүд үзэв. Энэ ч утгаараа НИТХ-ын даргын албан тушаалаас татгалзаж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.

Ажилтайгаа зууралдаад 2020 онтой золгох боломж Ц.Сандуйд байв. Учир нь НИТХ-ын даргыг огцруулсан нөхцөлд НИТХ тарах хууль эрх зүй байдаг. Тэгэхээр НИТХ-ын төлөөлөгч нар Ц.Сандуйг хүчээр огцруулах боломжгүй байсан. Харин  Ц.Сандуй суудалтайгаа зууралдахыг хүссэнгүй. Гэм буруугүй гэдгээ батлахын тулд гудамжинд гараад л шалгуулах эр зориг, бардам зан түүнд байна.

 Албан тушаалаасаа татгалзаж байгаад асуудлаа шалгуулах зориг гаргасан 2 дахь улс төрчөөр Ц.Сандуй тодорч байна. Өмнө нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад албан тушаалын хэргээ шалгуулахаар гудамжинд гарч байсан хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Ц.Элбэгдорж нүүр бардам эргэн эрэлтийг хийж, олныг оройлсон. Харин Ц.Сандуй яах бол...