МАН-ын удирдах зөвлөл зарим гишүүнийг намаасаа хөөх тухай ярилцжээ.

МАН-ын удирдах зөвлөл зарим гишүүнийг намаасаа хөөх тухай ярилцжээ.

МАН-ын удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон. Уг хурлаар улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Тэр дундаа Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хөндөн ярилцжээ. Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэхийг энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэх ёстой. Иймээс МАН нэг талдаа гарах нь хамгийн чухал. 65 гишүүнтэй нам Засгийн газраа авч үлдэж чадахгүй бол сөрөг хүчнийхээ тоглоомд өртөх болно. Нөгөө талдаа энэ засаг унасан нөхцөлд дараагийн засгийн газар ч мөн л 6 сарын дараа огцорч болзошгүй. Тэгэхээр өнөөдөр л эв зүйгээ олж, нэг зорилгын төлөө нэг удирдлагатай болох ёстой гэдэг дээр удирдах зөвлөлийн ихэнх гишүүн санал нэгдсэн байна.

Ж.Эрдэнэбатыг огцруулах талд зогсож байгаа МАН-ын гишүүдийн төлөөлөл харин удирдах зөвлөл дээрээ байр сууриа хамгаалах тухай ярилцжээ. Гэвч МАН-ын удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа бодлогын эсрэг ажилласан. Мөн сөрөг хүчинтэй үгсэн хуйвалдсан зэрэг шалтгаанаар нэр бүхий хүмүүсийг намаас хөөх дүрэм байгаа гэдгийг сануулсан байна. Харин нэр бүхий хүмүүсийн хувьд уг асуудалд эгдүүцэлгүй, эв зүйгээр улс төрийн нөхцөл байдлыг зохицуулаад явах дээр санал нэг гэдгээ хэлсэн гэх мэдээлэл байна.

МАН-ын удирдах зөвлөлөөс гарсан шийдвэр дотор У.Хүрэлсүх нэлээд буулт хийсэн гэх мэдээлэл байна. Түүний хувьд Ерөнхий сайдыг огцруулах эсэх дээр зөөлөрч байгаа гэнэ. Учир нь Дараагийн Ерөнхий сайд болох боломж түүнд харагдахгүй байгаа. Хэрэв Ж.Эрдэнэбат огцрох юм бол дараагийн Ерөнхий сайдыг парламент дотроос сонгоно гэсэн хатуу байр суурийг олон гишүүн илэрхийлэх болжээ. Ийм нөхцөлд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудал ч үгүй. МАН-ын даргын суудал ч үгүй. Бүр Шадар сайд ч үгүй үлдэх эрсдэлтэй. Тэгэхээр өнөөдөр ханцуй дотроо тохиролцож дараагийн боломжийг хүлээх нь зөв гэсэн гаргалгааг ярьсан гэх мэдээлэл байна. Тун удахгүй  УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Уг хурлаар намынхаа удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэх юм аа.

МАН-ын удирдах зөвлөлөөс бага хурлаа хойшлуулах шийдэлд хүрсэн байна. Уг нь өмнөх удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын бага хурлын 9 сарын 5-10 өдөр зохион байгуулна гэж байсан юм. Харин өчигдөр хуралдаад 10 сар гаргахаар болжээ.