Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэхийг өнөөдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Ээлжит бус чуулганы хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд зарласан. Дэгийн ёсоор бол чуулган өнөөдөр хуралдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг авч хэлэлцэх юм. 65 гишүүнтэй МАН-ын бүлэг үндсэндээ хоёр хуваагдчихаад байгаа.
Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж асуудлын нэг талд нь гарах зорилготой байв. Гэвч Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурсан 30 гишүүний дийлэнх нь намын бүлгийн хуралдаа орж ирээгүй учир 11 цагт зарлагдсан бүлгийн хурал хойшилж 15 цаг болсон ч бас л ирц хүрээгүй учир хуралдааны зараа цуцалсан юм.
МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх гол асуудал нь тус намын Удирдах зөвлөлөөс гаргасан санал дүгнэлт байв. Уг санал дүгнэлтээр Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурсан 30 гишүүнийг намаасаа хөөнө гэж огт дурдаагүй. Харин нэгэнт 2 хүрэхгүй сарын дараа МАН-ын ээлжит их хурал болно. Тэр үед намын дарга солигдоно. Шинэ намын дарга Засгийн газраа толгойлох нь ойлгомжтой. Ийм нөхцөлд заавал өнөөдөр Засгийн газрыг огцруулах шаардлагагүй. Иймээс л намынхаа дүрмийг баримталж асуудалд хандахыг ухуулах байжээ. Гэтэл хэвлэлээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргасан 30 гишүүнийг намаас хөөнө гэсэн шуум тараачихав. Удирдах зөвлөлийн хуралдаа суудаггүй гишүүдийн төлөөлөл үүнд нь эгдүүцэхдээ бүлгийнхээ хуралд оролцсонгүй.
МАН-ын удирдах зөвлөлөөр ярьсан бас нэг асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэх хүмүүст хариуцлага тооцох тухай хөнджээ. Ялангуяа үнэхээр намаасаа урваж, сөрөг хүчний нэр дэвшигчийг дэмжиж ажилласан бол намаас хөөх хүртэл арга хэмжээ авах нь зөв гэсэн санал ч гарсан байна. Үүн дээр удирдах зөвлөлийн 31 гишүүний олонхи нь санал нэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ энэ бол МАН-ын бүлгийн хуралд тийм ч наалдах зүйл биш.
Ийнхүү бүлгийн хуралдаа нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй МАН-ын 65 гишүүн өнөөдөр чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэхийг шийдэх учиртай. Ийм нөхцөлд Ж.Эрдэнэбатын хувь заяа тун ээдрээтэй болж ирлээ. Хэрэв үнэхээр огцруулах гарын үсэг зурсан 30 гишүүн кнопоо дарчихвал Ерөнхий сайд унах нь гарцаагүй. Ж.Эрдэнэбатыг огцруулах үндэслэл дотор Концессын гэрээ байгаа. 800 тэрбум төгрөгийн 7 концессын гэрээг гол байгаа болгосон ч 30 гишүүн улс төржсөн болоод дуусч байх шиг байна. Учир нь тэрхүү 7 концессын 5 нь өмнөх Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед шийдэгдсэн асуудал. Харин 2 концесс нь шинэ. Гэхдээ нэг ч ажил нь эхлээгүй. Эргэн төлөлт нь 2020 оноос хойш. Өнөөдөр ч уг концессыг цуцалчхаж болно. Гол нь тухайн концессыг батлах ажлыг УИХ хийсэн. Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа 30 гишүүний талаас илүү нь уг концессыг хэлэлцэхийг дэмжиж санал өгч байсан юм. Тэгэхээр үнэхээр концесс буруутай бол тэд ч бас хариуцлага хүлээх л ёстой.
Ж.Эрдэнэбатыг 60 тэрбумын хэрэгт холбон буруутгах гэж үзсэн. Гэвч өнөөх 60 тэрбумын хэрэг нь гэмт хэргийн шинж үгүй. Ямар нэгэн байдлаар төрийн албыг арилжсан зүйл алга гэсэн дүгнэлтийг хууль хяналтын байгууллага 3 дахь удаагаа гаргачихлаа. Энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хяналт дор ажиллаад гаргав. тэгэхээр энэ дүгнэлтэд эргэлзэх хүн ховордож эхэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хүүхдийн мөнгийг олгосон гэж буруутгасан. Улсын төсвийн тухай хуулиа зөрчин хүүхдийн мөнгийг олгосон гэдэг буруутгах шалтгаан 30 гишүүнд байгаа гэнэ. Гэтэл 2017 оны Улсын Нэгдсэн төсөв батлахад эдгээр 30 гишүүний хэд нь Хүүхдийн мөнгийг олгохыг шаардаж Засгийн газарлуу дайрч байсан билээ. Гэтэл тэдний хүсэлтийг Засгийн газар шийдчихээр буруутгах нь ёс зүй мөн үү? Үүнд ч өнөөх 30 гишүүн бас л уначихсан.
ЯГ үнэндээ Ж.Эрдэнэбатыг огцруулах олигтой үндэслэл олж чадахгүй болохоор 30 гишүүн арга ядахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа өгөхөөр өргөдөл бичив гэх технологийг ашиглав. Арга ядсан л аргыг албан тушаалд шунасан 30 гишүүн гаргаж байх шиг байна.
Хэрэв үнэхээр ойлголцолгүйгээр чуулганы хуралдаанд Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм бол 30 гишүүн дээр нэмэх нь Ардчилсан намын гишүүд кноп дарахад Ерөнхий сайд огцрох болно. Харин дараагийн Ерөнхий сайдыг дэвшүүлж чадахгй үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай 2 сарын үдэж болзошгүй байна.