Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг Нийслэлийн Засаг даргын 'Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай' захирамжийн дагуу наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлаж эхэлжээ.
Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд наана. Үүний дараа авто машин ачилтын компани тээврийн хэрэгслийг ачих юм байна. Уг наалт байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй юм.
Жолооч нарын зүгээс ачилт хийж байгаа компаниуд хэтэрхий хувийн ашиг хонжоо хайдаг. Жолооч гарч ирээд зөрчлөө арилгах гэхэд шууд л ачаад явчихдаг. Иймээс жолооч гарч ирсэн нөхцөлд торгоод явуулдаг байх ёстой гэх мэт гомдлыг хэлдэг юм. Иймээс энэ тал дээр ч шинэ журамд зохицуулалт хийх ёстой гэсэн санал жолооч нараас гараад байгаа юм.
Шинэ журмын нэг давуу тал нь Замын цагдаа заавал тусгай наалт наахаар болж байна. Тус наалтыг наасан нөхцөлд авто машин ачиж тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж уг машиныг ачдаг болох нь ээ. Гэхдээ энэхүү журмыг ягштал мөрдөх ёстой. Хэрэв мөрдөхгүй дүрэм зөрчөөд шууд л ачаад эхлэх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна.