УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байв. Чуулган зарласан цагаасаа хоцорч 12:00 цагт нээлтээ хийсэн. Гэвч чуулганаар хэлэлцэх асуудлыг зарлаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Тогтохсүрэн танилцуулсан юм. Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ. Тэрээр Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаар тусгай хяналтын дэд хороонд хүсэлт гаргасан. Үнэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь шадар сайдыгаа тагнаж чагнасан байна уу? энэ асуудлыг шалгаж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Мөн УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд бас хүсэлт гаргасан. Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэх асуудалд миний нэр холбогдчихоод байна. Залуу хүний хувьд ийм нэр зүүгээд явахыг хүсэхгүй байна. Иймд энэ асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Үүнийг УИХ-ын дарга анхаарч, шийдэж өгөхийг хүсье.
УИХ-ын дарга М.Энхболд: Ерөнхий сайдын гаргаж байгаа хүсэлтийг бодолцож үзэх хэрэгтэй. Бүлгийн дарга үг хэлнэ
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Ерөнхий сайд хэллээ. Шадар сайдыгаа тагнаж чагнасан гэх асуудлыг шалгуулж өгөөч гэж. Үнэхээр Ерөнхий сайд нь шадар сайдыгаа тагнаж чагнасан байна уу? эсвэл өөр хэн нэгэн оролцсон уу? үгүй бол өөрөө өөрийгөө тагнаж чагнасан уу? энэ асуултын хариулалтыг эцэслэх хэрэгтэй. Хэн буруутай хүнд нь хариуцлага хүлээлгэх нь зөв. Иймээс тусгай хяналтын дэд хороо хуралдаж шийдвэр гаргах хүртэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлаар МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага хүсч байна.
УИХ-ын дарга М.Энхболд: МАН-ын бүлгийн дарга завсарлага хүсч байгаа учраас өгч байна.
Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын бүлэгт завсарлага өгснөөр Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр нээгдсэн ээлжит бус чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлов.
УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны хурлыг дарга нь зарлан хуралдуулах ёстой. Уг хурал хэзээ хуралдах нь тодорхой биш. Тусгай хяналтын дэд хороонд 5 гишүүн байдаг. Тэд Ерөнхий сайд нь шадар сайдыгаа тагнаж чагнасан гэх хэргийн талаар мэдээлэл цуглуулна. Мөн холбогдох албан тушаалтангуудтай уулзана. Үүний дараа хуралдаж шийдвэрээ гаргах ёстой. Ийм нөхцөлд дор хаяж 7 хоног болно. Энэ үед Ж.Эрдэнэбатыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдтэй үргэлжлүүлэх яриа хэлэлцээрээ МАН-ын бүлгийнхэн хийх бололтой. 65 гишүүнтэй МАН-ын бүлэг яг үндсэндээ 32 болон 33 гэсэн хуваагдалд орж хоёр талдаа суучхаад хундага тулгаад суугаад байна.