УИХ-ын тусгай хяналтын дэд хороо өнөөдөр хуралдана. 08:30 цагт хуралдах тов гаргасан ч хараахан хурал нь эхлээгүй байна. Тусгай хяналтын дэд хорооны даргаар МАН-ын гишүүн Сү.Батболд ажиллаж байгаа. Тус хороонд мөн л МАН-ын гишүүн Г.Занданшатар,Н.Энхболд, Д.Цогтбаатар, АН-ын ганц төлөөлөл Я.Санжмятав нар ажилладаг. Эдгээр 5 эрхмийн санаа бодлоос шалтгаалж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь шадар сайдыгаа тагнаж чагнасан уу? Эсвэл шадар сайд нь өөрөө өөрийгөө тагнаж чагнах жүжиг найруулан тавьсан уу гэдгийг хэлэлцэн шийдвэр гаргах юм.
Тусгай хяналтын дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нарын хувьд Ерөнхий сайдыг огцруулах санал дээр гарын үсэг зурсан. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд тагнах, чагнах тухай заалт байхгүй. Тэгэхээр энэ хоёр эрхэм ямар ч шийдвэр гаргах магадлалтай. Г.Занданшатар нь шадар сайд У.Хүрэлсүхийн фракц гэгдэж болно. Харин Д.Цогтбаатар гишүүний хувьд шууд Сү.Батболдын фракцын төлөөлөл. Тэгэхээр тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболдоос бүх зүйл шалтгаална гэсэн үг. Тэр ямар шийдвэр гаргахаас хамаарч Д.Цогтбаатар шууд дагана. Н.Энхболдын хувьд Ерөнхий сайдын талд шийдвэр гаргах магадлалтай. АН-ын ганц төлөөлөл Я.Санжмятавын хувьд аль ч талыг нь харахгүй төрийн ноён нуруун дээр үнэн гэсэн талдаа шийдвэрээ гаргах болов уу?
Ерөнхий сайд нь тагнаж чагнаагүй гэдгээ батлан харуулна гээд байгаа. Шадар сайд нь өөрийгөө тагнаж чагнахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ хоёрыг дунд нь хутгаж үймүүлэх гэсэн гуравдагч этгээд байсан байж болзошгүй. Гагцхүү тэр этгээд нь хэн вэ? ийм асуултын хариулалтыг Тусгай хяналтын дэд хороо олоод ирж мэдэж. Гагцхүү МАН дахь хотын фракцын цаг авч, эсэргүү 30 гишүүнээсээ урвуулах гэсэн санаархал нь нэг ч гэсэн өдрөөр хойшлов. Харин өнөөдөр цаг авч чадах болов уу? Гагцхүү цаг авах эсэхийг шийдэх хөзөр нь Сү.Батболдын гарт байна.