Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулчихлаа. Одоо МАН-ын эсэргүү гэгдээд байгаа 33 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг ноцож эхэлнэ. Тэдэнд М.Энхболдыг ноцох хэд хэдэн шалтгаан бий.
Нэгд: МАН-ын дарга М.Энхболд хариуцлагаа үүрч Ерөнхий сайд болно гээд суучхаж мэднэ. Ийм нөхцөлд Ж.Эрдэнэбатыг огцруулсан улс төрийн тоглолт талаар болох гэмтэй. Тэр утгаараа М.Энхболдыг замаасаа нэг мөр зайлуулахын тулд тэд өнөөдрөөс хөдөлж эхлэх нь гарцаагүй. МАН-ын бага хурлаар МАН-ын дарга М.Энхболдыг намын даргын албан тушаалаа өгнө гэсэн амлалтыг авах нь тэдний гол зорилго. Ийм амлалт авсан нөхцөлд намынхаа их хурлаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлж дараагийн хүнийг гарган ирэх боломж бүрдэнэ. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшсэн болохоос намаа ахалж, штаб удирдан оролцоогүй. Тэгэхээр хариуцлага тооцох гэдэг хүндрэлтэй. Намын нэр хүндийг авч явсан Ерөнхий сайд нь огцорчихлоо. Одоо сонгууль удирдсан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь огцрох болно. Ийм нөхцөлд М.Энхболд уснаас хуурай гарчих магадлалтай. Тэгэхээр У.Хүрэлсүхийн талынхан М.Энхболдыг олон шалтгаанаар ноцох нь гарцаагүй.
Хоёрт: Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг дэгдээнэ. Ерөнхий сайдыг огцруулах ээлжит бус чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын бүлэгт завсарлага өгчихсөн. Энэхүү завсарлага нь хууль зөрчсөн гэх үндэслэлийг зарим гишүүн гаргаж ирээд байгаа. Ийм нөхцөлд асуудлыг үндсэн хуулийн цэц дээр шийдүүлнэ. Гэхдээ богино хугацаанд асуудал хэлэлцэгдээд шийдэгдэх магадлал бага. Гэхдээ л УИХ-ын даргыг хэвлэлээр балбах сэдэв болж өгөх нь гарцаагүй. УИХ-ын тухай хуулинд Ээлжит бус чуулганаар УИХ-ын даргын захирамжид дурсан асуудал болон түүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж заасан байгаа. Энэ утгаар нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлын хамааралтай нь тагнаж чагнасан гэх хэрэг гэсэн тайлбарыг УИХ-ын даргын ажлын албанаас өгч байгаа юм.
Гуравт: Бүдэрсэн дээр нь түлхээд унагаах санаархал МАН дотор олон. М.Энхболдыг үүдийг сахиж, албан тушаал горидож, аргаа барж байсан хүн олон. Тэд өнөөдөр өнгөрснөө мартаж, маргаашаа л бодож байгаа. Иймээс л түүнийг түлхэх хүсэл буцлах нь гарцаагүй. Нөгөө талдаа М.Энхболдод гомдогсод бас МАН дотор үй олон. 2016 оны сонгуулийн дараах томилгоонд сэтгэл дундуур үлдсэн намын олон гишүүн байна. Тэд хамгийн түрүүнд М.Энхболдыг буруутгана. Бас М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардана.
Гарц: М.Энхболд албан тушаалтайгаа үлдэх үү? эсвэл аль нэг албан тушаалаа авч үлдэх үү гэдгээ сонгохын тулд 10 сарын нэгэн хүртэл бусад фракцтайгаа тохиролцох ажлыг хийнэ. Түүний хувьд болж өгвөл УИХ-ын даргын суудлаа авч үлдэхийг хүсэх нь гарцаагүй. Намын даргын суудлаа өгч болно. Гэхдээ УИХ-ын даргын суудлыг оролдохгүй гэдэг баталгааг гаргасан фракцтай л тэр наймаа хийх нь гарцаагүй ээ.