МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн улс төрийн тоглоомд хамгийн аз үгүй нь байна. Тэр жилийн өмнө хэмжээлшгүй эрх эдэлж, үүдээрээ хүмүүсийг хөглөрүүлж, үнэндээ л ДААМ байлаа. Харин өнөөдөр түүний хувьд хүн бүрт адлагдаж, хүүхэд нохойн доог болох дээрээ тулжээ.
Улс төрд 20 гаруй жил чанагдсан, хашир туршлагатай түүний хувьд ингээд буугаад өгөх нь харамсалтай санагдаж байгаа нь гарцаагүй. Өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байгаад намын даргынхаа сунгаанд өвдөг шороодон албан тушаалаасаа бууж байсан. Дараа нь намын даргын суудлаа эргүүлэн авч 65 гишүүнтэй бүлэг байгуулах том ялалттай нүүр тулсан ч өөр албан тушаалыг зүүдэлсэн нь өнөөдрийн гол хор уршгийг авчрав бололтой.
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд. Энэхүү гуншин ганцхан УИХ-ын гишүүн М.Энхболд болж хувирах эрсдэл тун ойрхон байна. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдсан. Намынхаа нөхдийн итгэлийг дааж чадаагүй. Тэгэхээр МАН-ын даргын суудлыг өгөх магадлалтай. Гэхдээ өгнө гэж шуудхан хэлчхээгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын даргын асуудал яригдана. Энэ нь намынхаа дүрмийн дагуу бага хурал, их хурлаараа шийдэгдэх учиртай гэсэн байгаа. Энэ нь бага хурал, их хурлаасаа дахин итгэл хүлээж намын даргаа хийж болно гэсэн салаа утгатай үг.
Тэгэхээр түүний дараагийн нүүдэл юу вэ?
М.Энхболдын хувьд нэгэнт жил алдчихсан учраас дараагийн нүүдлээ тооцож эхэлжээ. Түүний хувьд хүч хавсрах фракцтайгаа тохирч Ерөнхий сайдын суудалд тухлах нь. Нэгэнт хариуцлага үүрүүлэхийг хүсч байгаа бол хариуцлагаа үүрээд явая. Намын даргаа ч авч үлдэнэ. 2020 онд ялагдал хүлээх, ялалт авчрах эсэх нь Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбогдох учраас М.Энхболд гэдэг хүн намын хариуцлагыг үүрэхээс өөр арга байхгүй. Иймд энэ замыг сонгоно гэсэн хатуу байр суурийг тэрээр хийж байгаа бололтой.