Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг сая иргэний аминд ч хүрч болзошгүй
Жил бүрийн дөрөвдүгээр сараас буюу тарвага ичээнээсээ гарснаар идэвхжиж найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг байгалийн голомтот хурц халдварт тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаатай ярилцлаа.
-Тарваган тахал гэж юу вэ. Энэ өвчний талаарх ерөнхий ойлголтыг өгнө үү?
-Энэ өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц, халдварт өвчин. Монгол орны хувьд 137 газарт тарваган тахлын идэвхжилтэй голомт байдаг. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар энэ жил 80 орчим голомт идэвхтэй, ялангуяа баруун аймгуудын тодорхой сумдад идэвхжилтэй байна.
-Өвчин хэрхэн хүнд халдварладаг юм бэ?
-Хэд хэдэн замаар дамжиж халдварлана. Үүнд тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад арьс салстаа гэмтээх, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулах, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэх үед халдварлана.
-Хүнээс хүнд халдварлах уу. Урьдчилан сэргийлэх арга замууд нь юу вэ?
-Тарваган тахлаар өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварладаг. Мөн өвчтөнийг асарч сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах нь эрсдэл дагуулна. Түүнчлэн тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад тухайн хүн арьс салстаа гэмтээхгүй, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй, олноор үхсэн мэрэгч амьтны сэг зэмд хамгаалалтгүй хүрэхгүй, ан агнуурын хориотой үед тарвага агнахгүй, нохойд бариулсан болон хавх, урхинд орсон тарвагыг ямар нэгэн зорилгоор хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчний эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь урьдчилан сэргийлэх арга зам юм.
-Өвчний шинж тэмдэг яаж илэрдэг юм бэ?
-Халдварт өвчний нууц хугацаа гэж байдаг. Хүн эрсдэлтэй тохиолдолд өртсөний дараа ойролцоогоор 3-7 хоногийн дараа халдварт өвчний ерөнхий шинж болох халуурах, бүх биеийн булчин шархирч өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх, бөөлжих, суулгахаас гадна булчирхайнууд томорч эмзэглэх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нэгэнт эрсдэлтэй тохиолдолд өртсөн, мөн дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт яаралтай хандаж, халдварт өвчнийг цааш тархахаас зайлшгүй сэргийлэх шаардлагатай.
-Нийслэл хотод уг өвчний тохиолдол гарсан уу?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар НОБГ, МХГ, ЦГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд жил бүр хөдөө орон нутгаас нийслэл рүү ордог авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдэд байнгын хяналт, шалгалтыг хийдэг боловч иргэд тарваганы түүхий мах, тулам, эд эрхтэн, боловсруулаагүй арьсыг нууцаар оруулж ирэх, мөн хот руу орж ирдэг баталгаат бус замаар тарвага болон түүний эд, эрхтэнг зөөвөрлөх асуудал зогсохгүй байна. Мөн эрсдэлд өртсөн /тахлаар өвчилсөн тарвагыг өвчих, махыг нь эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, түүхий мах, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн/ орон нутгийн ард, иргэд хот руу орж ирэх нь энэ халдварт өвчин дэгдэх эрсдэлийг дагуулж байдаг. Тухайлбал саяхан тарваган тахал өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэн хөдөө орон нутгаас нийслэлд ирж, гурав хоногийн турш олон нийтийн газраар явсны дараа мэргэжлийн байгууллагад хандсан тохиолдол гарсан. Энэ нь Монгол Улсын хүн амын 60 орчим хувь нь амьдардаг, нягтаршил ихтэй нийслэл хотод олныг хамарсан халдвар дэгдэх аюул ойрхон байгааг харуулж байна. Хоёрдугаарт аюултай шүү гээд анхааруулж, сэрэмжлүүлээд байхад өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нь хувь хүмүүс ухамсаргүй байгааг харуулж байна. Мөн урьд, урьдын жилүүдэд эрсдэлд өртсөний дараа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт хандахгүй лам, бөөгөөр явж хугацаа алдан, амь насаа алдсан тохиолдол ч байсан.
-Халдварт өвчнийг эмчлүүлэхгүй, хугацаа алдсан тохиолдолд хор уршиг нь хэр юм бол?
-Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг. Тарваган тахлын өвчин хүндэрвэл уушгины хэлбэрт шилжинэ. Энэ нь үхэлд ч хүргэх аюултай төдийгүй халдвар тараах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг.
-Намрын саруудад идэвхиждэг тарваган тахлын голомт хэдийд хэвийн байдалдаа ордог вэ?
-Тарваган тахлын байгалийн голомт дөрөвдүгээр сараас идэвхжиж, найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг. Едсүгээр сарын хувьд оргил үедээ байгаа гэсэн үг. Харин аравдугаар сарын дунд үеэс хэвийн болно.
-Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хэзээ хийдэг юм бэ?
-Дархлаажуулалтыг аливаа халдварт өвчин дэгдэхээс өмнө угтуулж хийдэг. Жил бүрийн долдугаар сарын 29 гээд дархлаажуулалт хийгдэж дууссан байдаг. Иймд голомтот бүс нутагт амьдардаг, халдварт өртөх магдлал өндөртэй иргэд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, уг өвчний хор уршгийн талаар мэдлэг, хандлагаа дээшлүүлэх хэрэгтэй байна.