Монгол Улсын дараагийн Засгийн газрыг хэн тодорхойлох вэ? ийм асуулт нийгэмд хүн бүрийн сонирхлыг татах болоод байна. Харин эрх баригч намын хувьд уг асуултын хариулалт нь улс төрийнх нь зодооны үргэлжлэл болжээ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын төлөө гараа өргөж, УИХ-ын кноп дарах эрх мэдлээ эдэлсэн 33 гишүүн дотроосоо Ерөнхий сайд төрүүлэх гэж зүтгэж байна. Гэхдээ МАН-ын дээрх түгжлүүдэд найр тавьж өгөхгүйн тулд М.Энхболдын фракц ч чадах бүхнээ хийж эхэлжээ. Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөнд МАН доторх У.Хүрэлсүхийн фракц, Ц.Нямдоржийн увс фракц, Сү-гийн фракц, М.Энхболдын фракц өрсөлдөж байна.
Засгийн газрыг огцруулсан хамтрагч нар болох У.Хүрэлсүх, Сү.Батболд, Ц.Нямдорж нар одоо өрсөлдөгч нар болжээ. Тэд хэн найдвартай, бас ашигтай санал тавьсантайгаа нийлж, засгийн газрыг бүрдүүлэх тал дээр анхаарахаар болжээ.
Ц.Нямдоржийн хувьд Ерөнхий сайд болох, эсвэл УИХ-ын дарга болох дээр бооцоогоо тавьчхаад байна. Түүний хувьд Хотын фракцтай тохиролцоо хийх гэж ажиллаж эхэлсэн. Ийм нөхцөлд хотын фракцаас Ерөнхий сайдыг суулгаж, УИХ-ын даргыг өөрөө авах. Хэрэв ингэж чадахгүй бол Ерөнхий сайд болохоор бусад фракцтайгаа нийлэхээр зүтгэж эхэлжээ.
У.Хүрэлсүхийн хувьд ямар ч аргаар хамаагүй Ерөнхий сайд болох тэмүүлэлтэй. Түүний хувьд Ерөнхий сайд болчих юм бол намынхаа их хурлаар намын даргын суудлыг баталгаажуулж авна. Үүнийг ч харсан учраас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тоглолтыг намын их хурлаа хүлээхгүйгээр шийдсэн. Тэр ч утгаараа одоо Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөнөөс хасагдахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ түүний Ерөнхий сайд болох гэсэн мөрөөдөл талаар болох магадлал тун өндөр болж байгаа гэнэ. Учир нь түүнийг түгжилдэж, өрсөлдөөнөөс гаргах санаархал Ц.Нямдорж, Сү.Батболд нараас эхэлсэн бололтой.