Х.Баттулга, М.Энхболд хоёр наймаалцав уу

Х.Баттулга, М.Энхболд хоёр наймаалцав уу

Прокурорын байгуул­лагын цахим хуудаст энэ сарын 4-ний өглөө Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаагийн ярилцлагыг бэлтгэж нийтэлсэн байв.

“...Олны анхааралд байгаа зарим хэргийн талаар” гэсэн тодотголтой уг ярилцлагад төмөр замын хэрэг, 60 тэрбумын хэргийг хаасныг мэдэгджээ. Төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдоод байсан. Харин 60 тэрбумын хэрэг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдтой холбоотой.

 Прокурорын ярилцлагад “...Х.Баттулга холбоогүй нь тогтоогдсон. Түүнд холбогдох асуудлыг хаасан. Харин А.Гансүх, Б.Батзаяа нарыг шалгаж байгаа” гэсэн байв. А.Гансүхийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Б.Батзаяаг мөрдөн шалгаж байна гэсэн байв. 60 тэрбумын хэргийн тухайд “...М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар албан тушаал наймаалцсан нь тогтоогдоогүй. Бичлэг нь эх хувь биш хуулбар учир шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн АНУ-д шинжлүүлсэн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

 Ц.Оюунгэрэл энэ талаар “...Үнэн хэзээд ялдаг. Одоо хааж байгаа ч, дараа нь энэ хэрэг нээгдэж шалгуулж таарна” гэжээ. Прокурорын энэ мэдээллийн дөнгөж өмнөхөн НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхөө мэдэгдсэн. Ингэхээр 60 тэрбумын асуудлаар Ц.Сандуй л “хариуцлага” хүлээгээд өнгөрч байх шиг байна. Олон нийтэд байтугай сэтгүүлчдэд хаалттай байдаг прокурорын байгууллага гэв гэнэтхэн, сайн дураараа, өөрсдөө бэлтгээд “анхаарал татсан хэргүүд”-ийн талаар мэдээлэл тараасан нь хачирхалтай юм.

 Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд хоёр наймаалцаж, төмөр замын хэрэг болон 60 тэрбумын хэр­гээс мултарцгаав уу гэ­дэг хардлага олон нийтийн дунд бий боллоо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР