Эрх баригч МАН-ын даргын өрсөлдөөн фракц хоорондын далд тэмцэл болон хувирав. Эрх баригч намын хувьд 2017 оны сүүлээр хуралдах намынхаа их хурлаас шинэ даргаа сонгох учиртай. Одоогийн тус намын дарга М.Энхболд албан тушаалаа хүлээлгэн өгөх нь бараг л ойлгомжтой болсон. Түүний хувьд намынхаа даргыг өрсөлдөгчдөө найр тавиад өгөхийг хүсэхгүй байна. Энэ утгаараа өөрийнхөө итгэлтэй журмын нөхөрт намын даргын суудлаа өвлүүлчих санааг өвөртөлж сууна. Уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг МАН-ын дарга болгох зорилгыг эртнээс өвөртөлж ирсэн. Гэвч Ж.Эрдэнэбат нь лидер байж чадсангүй. Танхимдаа хамтран зүтгэгч шадар сайд У.Хүрэлсүхтэйгээ шөргөөцөлдөж, түүнийг зохицуулж, эвийг олж чадахгүй байсаар байгаад Засгийн газрын түүнээсээ огцорчихлоо.
МАН-ын дараагийн даргын төлөөх өрсөлдөөнд У.Хүрэлсүх байгаа. Тэр намын дарга болохоор зүтгэнэ гэдгээ ил зарлачихсан. Харин түүнтэй хэн өрсөлдөх вэ гэдэг сонирхол татсан хэвээрээ байна. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нараар толгойлуулсан Увс фракц, Сү.Батболдын тэргүүлдэг Н.Багабандийн фракц, Мөн М.Энхболдын хотын фракц, дээр нь У.Хүрэлсүхийн зүүний хүчний холбоо фракцынхан өрсөлдөнө. Өрсөлдөөнд хотын фракц эрх мэдлээ алдаж байгаа мэт харагдав хүчтэй байгаа. Тэд Увс болон Сү-гийн фракцыг уруу татах ажиллагаа явуулж эхэлжээ.
Хотын фракцаас нэр цэвэр, намынхандаа хүлээн зөвшөөрөгдөх магадлалтай хүн нь одоогийн хууль зүйн сайд С.Бямбацогт. 2012-2016 онд МАН сөрөг хүчин байхад УИХ дахь бүлгийг удирдаж сайн ажилласан. Уг нь түүнийг нам нь ялахад УИХ-ын дарга эсвэл Ерөнхий сайд гэсэн таамаг явж байв. Гэвч аль аль нь болоогүй. Дараа нь ЗГХЭГ-ын дарга эсвэл сангийн сайд гэсэн таамаг ч бас л явсан. Харин сүүлд нь Хууль зүйн сайд дээр тогтсон билээ. Одоо Ерөнхий сайд болох боломжийг тэр эрэлхийлж эхэллээ. Түүний ард МАН доторх хамгийн хүчтэй фракц болох Хотынхон. Мөн Ховдынхон дэмжиж байгаа гэнэ. Ийм нөхцөлд МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд хамгийн хүчтэй орж ирэх хүн нь яах аргагүй С.Бямбацогт болж байна.