Эрүүл мэндийн салбарын төсвөө нэмж өгөөч УИХ-ын гишүүдээ???

Эрүүл мэндийн салбарын төсвөө нэмж өгөөч УИХ-ын гишүүдээ???

 Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачдын хэлж буйгаар хэрэв Улаанбаатарын яндангийн утааг 80 хувиар бууруулж чадвал өвчлөл буурч эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг 66 сая ам.доллар буюу 160 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ бол Утаа байснаараа ямар их зардлыг эрүүл мэндийн салбараас авч оддогийг илэрхийлж байгаа  бодит баримт юм. Хотын дарга, Ерөнхий сайд нарын хэлснээр утаа 2030 оноос нааш арилахгүй гэсэн. Ийм үед эрүүл мэндийн салбарын  хүртээмжтэй байдлаа нэмэгдүүлэх нь хамгийн чухал ажил ажээ.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөдгөөр Монгол шиг хөгжиж байгаа орнууд ДНБ-ийнхээ 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулж байж хүртээмжээ зохистой төвшинд барьдаг ажээ. Гэтэл манай улс сүүлийн 15 жилийн турш ДНБ-ийнхээ ердөө 2.1-3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг эрүүл мэндийн салбартаа төсөвлөсөөр ирсэн. Зохистой хэмжээнээс 2 дахин бага мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг гэсэн үг.

 Тухайлбал, Өнгөрсөн өвөл амьсгалын замын өвчлөл өмнөх онуудаас харьцангуй өндөр байсан тул энэ жил томуугийн вакцин, хатгааны вакцины эрэлт хэрэгцээ шаардлага маш их байсан. Харин энэ шаардлагыг хандив тусламжаар зохицуулснаа ЭМЯ-ныхан хэлж байна.

  Улаанбаатар хотын эмнэлгүүд нийт 1600 орчим орны фондтой. Томуугийн дэгдэлтийн үед эмнэлгүүд ачааллаа 80-90 хувь хэтрүүлэн өвчтөн хүлээж авдаг. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд нэмэлтээр 600 ор гаргаад ч цаана нь ахиад 600-800 орчим орны дутагдал өвөл бүр үүсдэг. Энэ бол эрүүл мэндийн салбартаа хангалттай мөнгө төсөвлөдөгүйгээс иргэд дээр  тэр дундаа хүүхдүүд дээр ирдэг хохирол юм. 2017 оны өвөл хүүхдүүдийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхгүйн тулд Оюу толгой компаниас хандивласан 250 эвхдэг ор, 30 зөөврийн орондоо найдаж байна. Хүүхдүүдийг коридорт ч болтугай ор тавиад хэвтүүлнэ гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга амлаж байна.

 Харин эмнэлгийн хувьд энэ жил БГД-ийн ахмадын эмнэлэг дотор 60 ортой хүүхдийн тасаг нээжээ. Ингээд хүүхдийн болон томчуудын тасгийн орнуудыг өвөлд бүгдийг нь хүүхэд хэвтэхэд зориулна гэлээ.

 Томуугийн дэгдэлтийн үед хэвтэн эмчлүүлэх 600-800 ор жил бүр дутагддаг гэдэг нь энэ дайны орны багтаамжтай эмнэлэг хэрэгтэй гэсэн үгээ. Харин Зориулалтын цогц эмнэлэг барих ажлууд 2020 оноос наашгүй байна.

 СХД-т Дүүргийн нэгдсэн төв эмнэлэг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдана. Хоёр жилийн дараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Хүүхэд насанд хүрэгчид нийлсэн 150-200 ортой эмнэлэг.

  1. ХУД-т мөн Дүүргийн нэгдсэн төв эмнэлэг  АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр баригдана. 2018 оноос л барилгын ажил эхлэхээр төлөвлөж байна. Барилга эхэлчихвэл 2 жил баригдаад ашиглалтад орно. Хүүхэд насанд хүрэгчид нийлсэн 150-200 ортой эмнэлэг болно.
  2. ХУД-т баригдаж байсан 4-р төрөх эмнэлгийн барилга 2010 оноос хойш 7 жил царцаагдсан байсан энэ жил концессын гэрээгээр баригдахаар болсон.

Томобюлдинг нэртэй компани Яармагийн 4-р төрөх эмнэлгийг 23 тэрбум төгрөгөөр барихаар болжээ.

 Эндээс харахад 2020 он хүртэл хүүхэд хэвтэн эмчлүүлэх дорвитой эмнэлэг баригдаж ашиглалтад орохгүй, харин эмнэлгийн коридортоо Оюу толгой компанийн бэлэглэсэн эвхдэг орнуудаа тавиад эмчлүүлэхнээ. Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэгт Дүүргийн нэгдсэн төв эмнэлэг  нэн шаардлагатай байгаа ч байгуулагдах тодорхой төлөвлөгөө одоог хүртэл алга байна.

 

 

Бас нэг баримт. 2016 онд Эрүүл мэндийн яам улсын хэмжээний нийт эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 26 тэрбум төгрөг хүсэхэд 8 тэрбумыг л төсөвт суулгасан байна. Энэхүү 8 тэрбум төгрөгийн 4.5 тэрбум нь машин авахад зарцуулагдаж үлдсэн 3.5 тэрбум төгрөгөөр нь 21 аймаг нийслэлийн 9 дүүрэгт тоног төхөөрөмж авсан байна. Улс даяарх нийт эмнэлгүүд гуравхан тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авч энэ их агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлтэй тэмцэж чадна гэж үү? Эдийн засгийн өсөлт 17 хувьтай байхдаа ч, хямралын үедээ ч эрүүл мэндийн салбартаа зохистой хэмжээний мөнгийг нь төсөвлөсөнгүй, эмнэлэг барьсангүй. Олон жил эрүүл мэндийн салбараасаа гар татаж ирсний үр дүн бол эмчилгээний хандив гуйсан бяцхан үрс, эмнэлэгийн шалан дээр хэвтэх ээж хүүхдүүд, эмнэлэгийн  царцаагдсан барилгууд юм. Хэдий болтол хандив цуглах эсэхээс хүүхдийн амь нас хамаарах вэ?

Яриа : эмчлэх төхөөрөмж нь байхгүй.

өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт 640 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн ч эмнэлгийн шалан дээр хэвтэх хүүхдүүд энэхүү 640 тэрбум төгрөг  хангалтгүй гэдгийг илэрхийлээд байна. Зохистой хэмжээ нь 1 их наяд 300 орчим тэрбум төгрөг. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд реформ хийж байж энэ салбарт зарцуулах төсөв мөнгө үр дүнтэй зарцуулагдах нь мэдээж. Гэхдээ реформ хийхэд 10 жил хэрэгтэй хэмээн ЭМЯ-ны бодлогын газрын дарга нь хэлсэн. Энэ 10 жилийн хугацаанд цаг тутамд нялх үрсийн эрүүл мэнд, амь нас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хүртээмжтэй байдлаас шууд хамаарч байгаа тул Эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж өгөхийг УИХ-ын гишүүдэд хандан  Утааны эсрэг ээж аавууд уриалж энэхүү  нэвтрүүлгийг бэлтгэлээ.