МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн тус намын лидер улс төрчдийн дунд ил, далд хэлбэрээр өрнөж байна. Ж.Эрдэнэбатыг замаасаа зайлуулж, намын дарга болох боломжийг нь хазаарлаж чадсандаа У.Хүрэлсүх баярлаж чадсангүй.
У.Хүрэлсүхийг шатааж, цөсийг нь хөөргөж, зүрхийг нь баясган, галын шугамд тулалдуулчихаад ард нь үлдэж ашигтай хувилбарыг сонгох төлөвлөгөөгөө Ц.Нямдорж, Сү.Батболд нар амжилттай биелүүллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг яарч, сандран огцруулсан ашиг тус нь У.Хүрэлсүхэд наалдаж чадсангүй. Харин тэр намынхандаа адлагдаж, ТОПОР муужгай хоч зүүж, Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэх хардлагад өртөж, Херо студийн найруулагч Баатартай утсаар ярьсан ярианд н намынхан нь эгдүүцээд өнгөрч байх шиг байна.
Угтаа бол У.Хүрэлсүх гэдэг хүн хамгийн том, дээр нь гол өрсөлдөгч Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын суудлаас нь буулгаж, намынхаа бага хурал, их хуралд өрсөлдөгч үгүй урагшлах ёстой байв. Ж.Эрдэнэбатыг огцруулсан 33 гишүүн У.Хүрэлсүхийн удирдлага дор жагсч чадна гэсэн түүний тооцоо буруу байлаа. Тэр 33 гишүүнийхээ эрх ашгийг хамгаалж чадна гэсэн итгэл нь буруу байжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан 33 гишүүн нь 4 хэсгээс бүрдэнэ. Цаашлах юм бол жалга довоороо хуваагдана. Мэдээж хэрэг У.Хүрэлсүхийн толгойлдог Зүүний хүчнийхэн бол өнөөдөр ч түүний хоёр гараа өргөн дэмжиж байгаа. Харин Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Увс фракцынхан ашигтай хувилбарыг анаад хэвтчихэв. Тэд намын дарга болно гэж гүйхээсээ илүү хэн хэн нь сайд болох хувилбарыг чухалчлах нь гарцаагүй. Сү.Батболдын фракц бол зөөлөн аядуу мэт харагдавч цаанаа бол жинхэнэ хатуу самар. Энэ үнэн болж У.Хүрэлсүхийн хоолойд тээглэх хамгийн хатуу мах нь тэд болчихлоо.
Сү.Батболдын фракц УИХ дотор хүчтэй, мөн МАН-ын бага хуралд чамгүй суудалтай. Тэд хотын фракцтай хүч нийлэх аваас шууд л эрх мэдлийг тус зүгт чиглүүлчихэнэ. Иймээс энэ боломжоо ашиглаж илүү далайцтай хувилбарыг сонгохоор зэхээд байна. Тус фракцын өмнөөс МАН-ын бусад фракцтай яриа хэлэлцээр хийхээр С.Баяр гадаадаас ирээд байна. Түүнийг 2 хоногийн өмнө Монголд ирсэн гэх албан бус мэдээлэл гараад байгаа. С.Баярын хувьд нэг бол намын даргаа авна. Эсвэл Ерөнхий сайдаа манай фракцын хэн нэгэнд өг гэсэн тулгалтыг М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцийнханд тавьсан бололтой. Сү-гийн фракцын ширээн дээр гарган тавьж байгаа хөзөр нь Н.Энхболд. Элдэв хэл аманд өртөж байгаагүй түүнийг тус фракц ширээн дээрээ гаргаж тавьж байгаа нь цаанаа алс хэтээ бодсон хэрэг байх талтай.
Ийнхүү МАН-ын даргын сунгаанд У.Хүрэлсүх гэдэг хүний нэр гарч ирэх магадлал тун буурч эхэллээ. Түүнийг эцсийн мөч хүртэл зүүний хүчний холбооныхон л хамгаалах бололтой. У.Хүрэлсүхийн хувьд 10 гаруй аймгийн засаг дарга нартай холбоо сүлбээтэй ажиллаж байгаа. Тэдгээр засаг даргаар дамжуулан намынхаа их хуралд дэмжлэг авна гэсэн хүлээлтийг өөртөө үүсгэсэн бололтой. Гэвч 10 гаруй аймгийн засаг дарга нар нь тухайн аймгийнхаа их хурлын гишүүн, мөн бүлэг фракцынхаа эрх мэдэлд автах магадлал тун өндөр. Ийм нөхцөлд У.Хүрэлсүхийн намын их хурлаасаа авна гэсэн дэмжлэг нь талаар болчхож мэднэ.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно. Цаашлаад намын даргын тамгыг гартаа атгана гэсэн бодол нь өдөр бүр боломжгүй мэт нөхцөл байдал үүсэж байгааг МАН-ынхан ам уралдан ярьж эхлээд байна. Түүнийг түгжилдсэн хүмүүс нь Ц.Нямдорж, Сү.Батболд нарын фракц гэсэн таамаг явж эхлээд байна. Магадлал ч байгаа. Учир нь тус хоёр фракцын зүгээс Ерөнхий сайд, намын даргын суудлын төлөө хүмүүсээ өрсөлдүүлэх сонирхол оршиж буй.