МАН-ынхан хөлөө жийлцэж, хөнжилдөө нудралцаж, өрөөндөө нанчилдаж, өвөр түрийндээ тохиролцох ажил хөшигний цаана үргэлжилж байна. Хэлэлцээр хийгээд тохирч чадахгүй, Уулзаж ярилцаад учраа олж чадахгүй байгаа тус намынхан хувь заяагаа хоёр хүнээр шийдүүлэхээр холын орноос дуудаж ирсэн мэдээлэл чих дэлсэх болов.
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр элчин сайдын ажлаа түр хойш тавиад намынхандаа туслахаар иржээ. Яг үнэндээ намынхандаа туслах бус фракцынхаа эрх ашгийг хамгаалахаар Монголд ирсэн мэдээлэл байна. Түүний хувьд Н.Багабанди зөвлөхтэй, Сү.Батболд ахлагчтай фракцын эрх ашгийг хамгаална. Тус фракцын төлөөлөл болох Т.Аюурсайхан үүргээ гүйцэтгэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах ажлыг гардан зохион байгуулсан. Хүүхдийн мөнгийг хууль зөрчин олгосон. Шийдвэрээсээ эргэж буцсан гэх мэт хэд хэдэн шалтгаан хэлсэн ч УИХ-ын гишүүд Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах ганцхан л үндэслэл байлаа. Тэр нь 800 тэрбум төгрөгийн 7 концессын гурвыг нь Засгийн газрын гишүүд авсан явдал. Үүнд л эгдүүцсэндээ МАН-ын 33 гишүүн огцруулах кноп дарчихав. Харин тэд нэг зорилгын төлөө хамтарч шийдвэрээ гаргасан. Одоо нөгөө зорилгынхоо төлөө дахин хуваагдаж, хэн нь хаана нэгдэж, хэрхэн эрх ашгаа хамгаалах нь чухал болчхов. Үүнийг магнайлж, хэдэн талд байгаа хэсэг бүлгээс урвуулах ажлыг С.Баяр хийх нь байна.
Ж.Бадамжунайн хувьд хотын фракцын хорчин гэх нэрийг намынхаа нөхдөөс хүртсэн нэгэн. Тэр намынхаа бужигнаантай ийм үед фракцынхаа эрх ашгийг хамгаалж чаддаг. Энэ утгаараа асуудлаа шийдэх гэж М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцынхан түүнийг дуудаад байна. Ж.Бадамжунай Монголд ирэхээсээ өмнө Сингапурт С.Баяртай сэм уулзаж, асуудлынхаа голыг зангидсан гэх мэдээлэл байгаа. Хэрэв тэр үнэн бол Ерөнхийдөө Сү-гийн болон хотын фракц гар нийлсэн. Түүн дээрээ хашир Ц.Нямдоржийн ахлах болсон Увсын фракцыг уруу татчихаж мэднэ. Ингэсэн нөхцөлд Өвөрхангайн гурав гүйгээд ороод ирэх талтай. Тэр нөхцөлд тэдний зорилго биелж Ерөнхий сайд, намын даргаа хоёр фракц хуваан авах ажлыг хийж болзошгүй юм аа.
Ийнхүү МАН-ын бага хурал болохоос өмнөх албан тушаалын тохиролцоог С.Баяр, Ж.Бадамжунай нараар дамжуулан хийх ажил ид дундаа өрнөж байна. Энэ хоёр эрхмийн хувьд намынхаа гишүүн, фракцын толгойлогч нартай ээлжлэн уулзаж, эргүүлэн нэгтгэх ажлыг хийж байгаа юм. Тэдний ажлын үр дүн өнөөдөр хуралдах намынх нь удирдах зөвлөлийн шийдвэрээс харагдаж болзошгүй ээ.