УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэгт нэр холбогдсон билээ. Түүнийг 25 настай эмэгтэй Н гэгчийг хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан гэх мэдээллийг нийгмийн сүлжээгээр иргэн Н-ийн эгч гэх эмэгтэй анх мэдээлсэн байдаг. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагаас шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Уг хэргийн мэдээлэл гарсны дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Төрийн ордонд энэ талаараа мэдээлэл хийж байв. Тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “ Үгүй би БАНДААШАА өмсөөд гарсан” гэж хэлээд онигоонд орж байлаа. Үүнээс хойш нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бандааш гишүүн гэх нэршил хүртэл бий болоод байна.
Баянзүрх дүүргийн цагдаагаас хэргийг анхлан мөрдөөд УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэсэн шалтгаанаар хэргийг хаах санал гаргасан. Харин хохирогч гэх иргэн Н болон түүний эгч С нарын гомдлыг үндэслэн Прокурорын Ерөнхий газраас уг хэргийг дахин шалгах үүргийг Баянзүрх дүүргийн цагдаад өгсөн билээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг нягтлан шалгаж үзээд баримт нотолгоог үндэслэн хэргийг хаахаар болсон гэж албаны эх сурвалж өгүүлж байна. Учир нь Д.Гантулга нь иргэн Н-ийг хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Баримт нотолгоо байхгүй учраас хэргийг хаахаас өөр арга байхгүй гэдэг тайлбарыг хуулийн байгууллагынхан өгч байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Д.Гантулгад гомдолтой гэж мэдэгдээд байсан хохирогч Н болон түүний эгч С нар нь сүүлийн үед ур хэргийн талаар мэдээлэл огто хөндөхгүй байгаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон түүний дараа мэдээллийг нийгмийн сүлжээгээр дамжуулан байнга гаргаж байсан юм. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөр хүний эрхийн хуульч Ичинноров ажиллаж байгаагаа ч мэдэгдэж байлаа. Гэтэл дээрх хүмүүс мэдээлэл гаргахгүй байгаа нь эргээд энэ хэрэг тохиролцооны зарчмаар алга болчхов уу гэсэн хардлага зарим хүмүүсийн дунд үүсээд байна. Гэхдээ хохирогч гэх Н-ийн эгч С нь өөрийн нүүр номоор дамжуулан гомдлоо илэрхийлсээр байгаа билээ. Өмнөхтэйгээ харьцуулахад бага мэт боловч тодорхой хэмжээнд илэрхийлж байгаа юм. Тухайлбал өнөөдөр тэрээр нүүр номондоо " Уур ч хүрэхээ байлаа. Монголын хууль хяналтынхны үнэн төрх. Гэхдээ бууж өгөхгүй" гэсэн утгатай мэдээлэл оруулжээ.
Ямартай ч УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэгт холбоогүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа бололтой. Харин олон нийтийн зүгээс түүнийг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Төрийн ордонд бандааш ярьсан. Гэр бүлээс гадуурах харьцаатай эсэхээ төрийн ордонд ярьж суух нь УИХ-ын гишүүний ёс зүйд нийцэхгүй гэсэн гомдлыг иргэд хэлж байгаа юм.