лстөр судлаач О.Чулуунбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Аль ч улсад ээлжит сонгуульд ялалт байгуулсан нам эрх барьж, бодлого тодорхойлдог. 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д Засгийн газраа дангаараа бүрдүүлэх, эрх барих том эрх олгосон. Гэвч нэг жилийн дараа МАН өөрсдөө Засгийн газраа огцруулчихлаа. Судлаач хүний хувьд энэ үйл явцыг юу гэж дүгнэж байна вэ?
-Товчхондоо намын дотоод хямрал төрийн хямрал болж өргөжиж байна. Энэ хямралын өртөг их өндөр байх болов уу. Улс төрийн энэ хямралын төлөөс эдийн засагт тусахаас өмнө эрх баригчид дараагийн Засгийн газраа яаралтай байгуулах ёстой. Гэвч чадахгүй удах байх гэсэн хувь судлаачдын болгоомжлол байна.
-Тэгэхээр Засгийн газар тогтвортой байх гэхээс илүү улс төрийн намуудын доторх “бялуу” хуваах ажиллагаа буруу хийгдсэнийх гэж харж болох уу. Олны хэлдгээр хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо арай эрт орчхов уу даа?
-Шууд тэгж дүгнэвэл улс төрийг хэтэрхий хялбарчилж харсан хэрэг болно. Засгийн Газар огцорно гэдэг нэг хэсгийн шунал хүслээр шууд шийдэгдээд байдаггүй. Огцруулах бичгийг уншихад, Засгийн газар огцрох ёстой гэсэн “том” шалтгаан харагдахгүй байсан. Тэр бичигт концессын гэрээтэй холбоотой “гомдол” бичигдсэн байсан болохоор хэвлэлийнхэн хоёрдугаар ээлж хоолондоо орж байна гэж бодсон биз ээ. Гол шалтгаанууд гэвэл нэгд, сонгуулиар гарсан 60 тэрбумтай холбоотой асуудлаар ялагдчихлаа гэж үзсэн гишүүдэд яаралтай 60 тэрбумын хэргээс хол харагдахгүй бол 2020 онд дахин сонгогдох боломжгүй болчихлоо гэсэн айдас байгаа нь харагдаж байна лээ. Тиймээс бид энэнд ямар ч хамаагүй шүү гэдгээ харуулахын тулд Засгийн газраа золигт гаргаж “цэвэр харагдах” хүсэл нөлөөлсөн. Удахгүй намын удирдлагаа сольсноор өргөжнө. Намын удирдлага нь 2020 онд дахин 60 тэрбумын асуудлаар “баалуулах” нь тэдэнд ашиггүй. Хоёрт, МАН дотор үе солигдох үйл явц үргэлжилж байна. Алдаатай оноотой ч сонгуулийн ялагдлаар далимдуулж шинэ үеийнхэн хүч түрж орж ирж байна. Гэхдээ миний харж байгаагаар МАН-ын залуучууд гурван хэсэг бүлэг болж задарч дотоод зөрчилтэйгөө хамт намын нэгдүгээр эгнээ рүү орж ирэх шиг. Гуравт, мэдээж энэ парламентын үнэмлэхүй олонх болсон МАН-ын 65 гишүүн сонгуульд гарахын тулд маш их мөнгө зарлагадсан. Сонгогчдоосоо ирж буй үй түмэн хүсэлт гуйлтыг шийдэх боломжгүй. Гэтэл Засгийн газарт байгаа хэсэг дээр концесс зэрэг их мөнгө “яригдаад” байдаг. Гомдлоо тайлсан. Гишүүдийн буруу гэхээсээ манай сонгуулийн санхүүгийн систем өөрөө буруу учраас сонгогдсон шийдвэр гаргагчдыг үргэлж ийм төмөр хавханд оруулж байна.
-Ялсан намын дарга Засгийн газраа тэргүүлэх журам сүүлийн хоёр ч парламентад зөрчигдсөн. Иргэд хууль, дүрэм зөрчиж болохгүй улстөрчид намын дүрмээ зөрчиж болдог гэсэн тогтолцоо байх ёсгүй. Магадгүй эрх баригч намын дарга Засгийн газраа тэргүүлж, зөв хуваарилалт хийсэн бол өнөөдөр ЗГ огцрохгүй байх байсан болов уу?
-Үгүй байх. Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан бол “жинхэнээсээ” Засгийн газар огцрох шалтгаан болно. Улс төрийн сонгуульд Засгийн газар биш улс төрийн нам ордог. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагаа намдаа тооцолгүй Монгол Улсын Засгийн газрын кабинеттэй яагаад эхэлж тооцсон шалтгааныг огцруулсан гишүүдээс асуух хэрэгтэй.
-Дараагийн Засгийн газар бүрдэх сургаар МАН доторх өрсөлдөөн ид дундаа бужигнаж байна. Засгийн газрын бүтцээс илүү МАН гэх том намыг хэн удирдах вэ гэсэн “тулаан” өрнөж байх шиг. Та юу гэж харж байна?
-Нарийн мэдээлэлгүй болохоор ёстой ажиглаж л байна. Ямар ч байсан одоо болох намын шинэ удирдлага нь 2020 оны сонгуульд авч орно. Тэр л гол шалгуур. Гадна байдаг нэг сайн жишээ бол эхлээд эрх баригч нам дараагийн ерөнхий сайдаа тодруулчхаад хуучин нь ажлаа өгдөг. Ингэснээр төрийн ажил гацдаггүй, хөрөнгө оруулагчид хүлээлтэд орж эдийн засагт шууд сөргөөр нөлөөлдөггүй. Монголд хуучнаа огцруулчхаад шинийг хайдаг. Энэ хооронд эдийн засаг, хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд ордог, төрийн өдөр тутмын ажил явахаа больдог. Энэ сайн шийдлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан байсан боловч тухайн үеийн парламент, намууд ойлгож дэмжээгүй.
-Ер нь улс төрийн нам ямар зорилго, хэлбэр бүтэцтэй байх ёстой юм бэ. Монголын улстөрд голлох үүрэг гүйцэтгэдэг МАН, АН нам уу эсвэл эрх мэдэлд “шунасан” бүлэг, фракц уу?
- Улс төрийн нам үндсэн хууль, холбогдох хуулиа зөрчөөгүй л бол ямар ч зорилго, хэлбэртэй байж болно. Сайн ч муу ч өнөөдөр энэ хоёр нам улс төрийн зах зээл дээр гол хоёр багана болж байна. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж порпорционал юм уу холимог тогтолцоонд шилжвэл бусад намуудад өсч томроход нь эерэг нөлөөлнө.
-Хоёр том намд бодлого гэж байна уу. Уг нь намууд бодлогоор энэ улс орныг өөрчлөх, хөгжүүлэхийн тулд өрсөлдөх ёстой ч эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь намуудыг ялзруулж байна гэж дүгнэх хүмүүс бас бий. Энэ намуудын бодлого хэзээ, хаана алдагдчихав?
-Би санал нийлэхгүй байна. Мэдээж ялсан эрх баригч намын байгуулсан Засгийн газарт цаасан дээр буусан мөрийн хөтөлбөр бий. Тэр цаасан дээрх хөтөлбөрүүдийн үр дүн болон сонгогчдын хүлээлт хоёрын хооронд зөрүү гарч иргэд сэтгэл дундуур байгаа нь үнэн. Намууд дэргэдээ тогтмол бодлогын судалгаа хийдэг тинк танкууд байгуулж, түүндээ тухайн асуудлаар мэргэшсэн хүмүүсээ ажиллуулах нь зөв боловч үүнийг өнөөгийн намууд санхүүжүүлж дийлэхгүй. Тиймээс намууд бодлогын судалгаа хийдэг тинк танкууудыг төсвөөс санхүүжүүлдэг олон улсын жишигт нийцүүлэх эрх зүйн тогтолцоог хийх ёстой. Намууд дахиад л мөнгө идэх нь гэсэн нийгмийн ойлголт үүсэх вий гэдгээс улс төрчид айгаад улс төрийн намын санхүүжилтийн хуулийг гаргахгүй байна. Бас далдуур хулгайлж байх нь ч өөрсдөд нь ашигтай биз.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар өндөр санал авсан, 100 гаруй мянган сонгогч цагаан сонголт хийсэн нь МАН, АН жинхэнэ утгаараа шинэчлэгдэх том сануулга өгсөн гэдгийг зарим судлаачид хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог нь Монгол Улс нэг том тойрог болдог учраас улс төрийн намуудаасаа илүү хувь нэр дэвшигчдийн хүчин зүйл голлодог. Тэгэхээр шууд улс төрийн намуудтай наалдуулж дүгнэх нь дэмий. Сонгогчид улс төрийн намыг сонгоогүй Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог сонгууль. Хэрвээ асуудал байгаа бол сонгогчдын нэр дэвшигчдэд өгсөн үнэлгээний нэг хэсэг гэж ойлгох хэрэгтэй.
-Намууд шинэчлэл гэхээр хэдэн дарга солих төдийхөн хийгээд өнгөрөх нь зуршил болж. Залуучууд нь ч намд шинэ салхи үлээлгэх төлөвлөгөө хэрэгжүүлдэг ч албан тушаал аваад л таг болдог. Улстөрийн намуудад ямар шинэчлэл дутагдаж байна вэ?
-Улс төрийн намуудын шинэчлэлийг илүү өргөн утгаар харах ёстой. Тоглоомын дүрэм өөрчлөгдөж байж улс төрийн намуудад бодитой шинэчлэл болно. Улс төрийн намын тухай хуулийг парламент гадна, дотно байгаа намуудтайгаа зөвшилцөж яаралтай батлах хэрэгтэй. Ялангуяа намуудын санхүүжилтийн шилэн данс, эх сурвалж, зарим зорилтот санхүүжилтийг төрөөс шийдэхгүйгээр ямар ч сайхан санаачилга хувь хүний уриалга, намуудын маркетинг л болж үлдээд байна.
-Хоёр том нам жинхэнэ шинэчлэл хийж чадах болов уу. Бас тэр шинэчлэлийг хэн хийх ёстой вэ. Энэ хоёр намд байгаа гишүүд лав хийх сонирхолгүй байх шиг?
-Өөр өөрийн түвшиндээ шинэчлэл явж л байна. Хууль эрх зүйн түвшинд явахгүй байгаа болохоор үр дүн нийтлэг биш байна. 2016 оны сонгуулиас хойш АН тодорхой хэмжээнд дүрмийн шинэчлэл хийж, дотоод сонгууль нэлээд хийсний үр дүнд намын жирийн гишүүдийн идэвх сэргэж, бүртгэл сайжирч, дотоод маргаан илт багасч, жирийн гишүүдийн оролцоо нэмэгдэж сая Ерөнхийлөгчийн сонгуулиар нэлээд сайн зохион байгуулалттай оролцлоо шүү дээ. Яг л байнгын бэлтгэлтэй тамирчин илүү амжилт үзүүлдэг шиг. Мэдээж сонгогчдын хүсэл шаардлагыг гүйцэхгүй байгаа нь бол нийт намуудын зовлон. Манлайлал ч дутаж байгаа нь үнэн.
-Бодлогоор өрсөлддөг, дүрэм зөрчдөггүй, чадварлаг боловсон хүчинтэй нам бий болох хугацаа хэр ойрхон байгаа бол?
-Дахин хэлэхэд улс төрийн намын хуулиа шинэчилж намуудын стандартыг нэмэгдүүлэх ёстой. Хоёрт сонгуулийн хуулиа өөрчилж тойргуудаа томсгож гурил будааны улс төр биш бодлогын нийтлэг асуудал ярьдаг болох ёстой. Түүнээс улс төрчид феодлын үе шиг жижиг жижиг вассал тойргуудаас санал худалдан авч, намын гишүүдээ багцалж гарч ирдгийг өөрчлөх гэвэл их удна.
-Нам дотроо “нам” байгуулчихсан олигарх, МАНАН бүлэглэл гээд цол гуншин намуудын хэвшмэл нэр болж. Ард түмэн ч олигарх, МАНАН бүлэглэлээс сална гэхээр л гоё гээд ойлгодог болж. Тэгэхээр ийм нэршил эсвэл бүлэг бий болсон нь юутай холбоотой юм бол?
-Намуудын задрал явагдаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь шинэ нам мэндлэхээс илүүтэй нам дамжсан, уул уурхайн сонирхол дээр нэгдсэн улс төр-санхүүгийн бүлэглэлүүд нэгээс ч олон болсон байна. Мэдээж гол хоёр намын дунд энэ бүлэглэлүүд байна. Өнөөдөр хуучин МАНАН ба шинэ МАНАН гэж нэрлэхээр байдал харагдаж байна шүү дээ. Бүлэглэлүүдийн гол бялуу нүүрс. Эдийн засгийг төрийн хэтэрсэн хяналт, эзэмшлээс холтгож, уул уурхайн баялгийг төрийн эзэмшлээс хувийн болон нийтийн нээлттэй эзэмшилд шилжүүлбэл өөрчлөгдөнө. Булаацалдах баялаггүй улс төрчдөд тийм нам дамнасан улс төр-санхүүгийн бүтэц хэрэггүй болно. Гэвч ингэхгүй нь мэдээж. Иргэдийн олонх ч ойлгож хүлээж авахгүй. Уул уурхайн баялагтай орны улс төрийн зовлон юм даа. Banana republica гэдэг шиг Coal republica гэж монголыг нэрлэхэд болохоор байна.
-2020 оны сонгуульд улс төрд шинэ нам, шинэ бодлого, шинэ салхи орж ирэх болов уу?
-Сонгуулийн хуулиа өөрчлөхүй бол шинэ нам, шинэ бодлого орж ирэх бараг боломжгүй. Харин биологийн хувьд залуу улс төрчид олноор орж ирэх нь дийлдэшгүй хүчин зүйл юм даа.
Эх сурвалж: News.mn