МАН-ын фракц хооронд өрнөж байгаа үйл явдал өдөр, цаг минутаар өөрчлөгдөж байна гэхэд болно. Хэн Ерөнхий сайд болох вэ? Тэр нь цаашаа намын даргаа аваад явж чадах уу? Хэн хаана сайд болж очих уу гэдэгт хариулалт нэхэж, уулзаж, хуйвалдаан, үгсэн тохиролцох, ханцуй дотор наймаалцах гэдгийг хамгийн сайн хийж байгаа хүмүүс бол МАН-ынхан. Тэд орондоо ч орох завгүй, олон цагаар хэлэлцээр хийж, сархадтай нөхөрлөж, сайрхаж, санааширч сууна.
Олон хүн У.Хүрэлсүхийг намын дарга болно гэж мэдэгдэж байсан. Гэвч эцсийн мөчид энэ бүхэн худал болж хувирч байна. Учир нь У.Хүрэлсүхийг МАН-ын бага хурал, их хурлын төлөөлөгч нар нь төдийлөн дэмжихгүй сураг дуулджээ. Ялангуяа тагнаж чагнасан хэргийн талаарх УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны гаргасан шийдвэр нь МАН-ын олон гишүүний санаа бодлыг эргүүлсэн гэх мэдээлэл чих дэлсэж байна. Энэ ч үүднээс УИХ-ын олон гишүүний санаа сэтгэл хувирахтай зэрэгцээд тэднийг дагалдагч нарын зан ч хувирч эхэлсэн байна. Бага хурал дээрээ хэн нэгэнтэй Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөхөд шууд ялагдахаар нөхцөл байдал үүссэн байна. Иймээс У.Хүрэлсүх нэрээ татаж хэн нэгнийг дэмжиж, түүнээсээ ашигтай суудал олохыг зорих болжээ.
У.Хүрэлсүхтэй наймаалцаж байгаа эрхэм бол Ц.Нямдорж. Түүний толгойлж байгаа Увс фракцын зүгээс Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа гэнэ. Ч.Хүрэлбаатар нь намдаа хүлээн зөвшөөрөгдсөн. Нийгэмд танигдсан учраас Ерөнхий сайд хийх боломжтой. Эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд асуудлыг шийдэх гарц, арга саамыг олж дөнгөнө. Мөн ОУВС-тай учраа олоод хөтөлбөрөө үргэлжлүүлж дөнгөх хүн гэж түүнийг тодорхойлж байгаа гэнэ.
Нэгэнт өөрөө чадахгүй болсон учраас өөрийн гэх хүнийг Ерөнхий сайд болгох нь У.Хүрэлсүхэд ашигтай. Тэр утгаараа Ц.Нямдоржтой нийлж, Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгох дээр У.Хүрэлсүх гараа өргөж эхэлсэн гэнэ. Нэг үгээр хэлбэл урагш довтолж байсан түүний довтолгоо саарч, нэмэлт хүчиндээ эрх мэдлээ өгөх болж байна.