Багш нараар эхэлсэн цалингаа нэмүүлэх гомдол эмч нараар үргэлжлэхээр боллоо. Өнөөдөр эмч нар цалингаа нэмүүлэхээр засгийн газарт хандаж байгаагаа уламжлав.
Өнөөдөр улсын хэмжээнд 30 гаруй мянган багш ажил хаялт зарлаж байгаа. Нийслэлийн хэмжээнд л гэхэд олон цэцэрлэг өнөөдөр ямар нэгэн шалтгаан хэлж ажиллахгүй хэмээн хүүхдүүдийг буцаасан мэдээлэл дуулдав. Хэдийгээр цэцэрлэгийн багш нар ажил хаяж байгаа гэж эцэг эхчүүдэд хэлэхгүй байгаа ч цаагуураа ажил хаялтыг зарлаж байгаа гэхэд болно. Дийлэнх цэцэрлэг хор цацна. Багш нар дотоод ажилтай гэх зэрэг шалтгаан хэлж байгаа юм.
Ийнхүү цалингаа нэмэгдүүлэхээр гомдлох багш нарын араас эмч нар орж ирлээ. Тэд бас л цалингаа нэмэгдүүлнэ гэдгээ уламжилж эхлэв.
2009 оны хүртэл багш нарын дундаж цалин өндөр байжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар бол 2009 онд Улсын дундаж цалингийн хэмжээнээс багш нарын цалин 20,000₮ илүү байсан байна. Харин 2009 оноос эхлэн багш нарын дундаж цалингийн хэмжээ улсын дунджаас буурч эхэлсэн. Энэ нь 2009 оноос хойш багш нарын цалингийн бодлого салбар дээрээ алдагдаж эхэлсэн гэсэн үг.
Өнөөдөр Улсын хэмжээнд багш нарын дундаж цалин 700 мянган төгрөг. Энэ нь Нийгмийн даатгалын шимтэл нь орсон дүн. Үүнээс 160 орчим мянган төгрөгийг нь хассан дүнгээр багш нар гар дээрээ цалин авч байгаа. Энэ нь 540 орчим мянган төгрөг юм. Багш нарын эсэргүүцэж байгаа мөнгөн дүн нь 400-500 мянган төгрөг. Тэгэхээр Үндэсний статистикийн газрын танилцуулж байгаа мөнгөн дүнтэй цалингаа голж байгаа багш нарын цалингийн дүн хоёр ижилхэн юм. Гагцхүү нэг нь нийгмийн даатгалын шимтгэлтэй дүнг оролцуулж байгаа. нөгөө нь шимтгэл тооцоод гар дээрээ авч байгаа мөнгөн дүнгээ хэлж байгаа.
Эмч нарын хувьд ч ялгаагүй. Бас л салбарын бодлого нь алдагдсан цагаас эхлэн хангамж нь муудаж, өнөөдөр эсэргүүцэх хэмжээнд хүрчээ. Эмч нарын хувьд бас л 500 орчим мянган төгрөг гар дээрээ авдаг. Энэ мөнгөө нэмэгдүүлэхгүй бол ажил хаях хүртэл арга хэмжээг авна гэсэн мэдэгдлийг хийгээд эхэллээ.
Цалингаа голсон салбар эмч нараар зогсохгүй нь бололтой. Уул уурхайн зарим төлөөлөл бас гомдлож эхлэв. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цалингаа голж байгаагаа мэдэгдсэн. Уг нь статистикийн газрын танилцуулж байгаагаар бол уул уурхайн салбарынхан хамгийн цалин өндөртэй. тэдний дундаж цалин 2 сая орчим төгрөгт дөхөж байна. Тэгэхээр тэд гар дээрээ дорж хаяж 1,2 сая төгрөг авдаг гэсэн үг. Ийм нөхцөлд Уул уурхайн салбарынхан өнөөдөр цалингаа голох цаг мөн үү? гэсэн асуултыг бусад салбарынхан унагааж байна.
Шинээр байгуулагдах Засгийн газрын шүдний өвчин нь яах аргагүй цалингийн бэрхшээл. 2018 оны улсын төсвийг Засгийн газар байгуулагдаад шууд УИХ-д өргөн барих учиртай. Уг төсөв дээрээ багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх төсөв тусгаж чадах уу? Тийм гарцыг олж дөнгөх үү гэдэг анхаарал татах нь гарцаагүй юм аа.