Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлтэй байгаагаа албан захидлаар УИХ-ын дарга М.Энхболдод уламжилсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах боломж нь байдаг. Энэхүү үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны 09 сарын 18 өдрөөс эхлэн хуралдуулж 2017 оны 09 сарын 22 өдөр завсарлуулах чиглэлийг УИХ-ын дарга М.Энхболдод өгөөд байсан юм.
Өнөөдөр 2017 оны 09 сарын 18 өдөр. Гэтэл өнөөдөр хуралдаж эхлэх ээлжит бус чуулганы товыг УИХ-ын дарга М.Энхболд зарлаагүй байна. Баасан гарагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэд 9 сарын 25-нд болох бага хурлаараа Ерөнхий сайдыг тодруулна. Харин 10 сарын 1-нд эхлэх Намрын ээлжит чуулганаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байр суурин дээр нэгдсэн тухайгаа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа уламжилсан билээ Тэгэхээр эрх баригч 65 гишүүнтэй МАН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахгүй гэж үзжээ. Тэдний хувьд өвлийн бэлтгэл, төсөв мөнгөний асуудал чухал биш. Гагцхүү хэн нь Ерөнхий сайд болох, аль фракцынх нь сайдын тоо илүү байх нь чухал гэдгийг бодолцож үзсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь ээлжит бус чуулган зарлан хуралдуулахдаа нэгд Ерөнхий сайдын асуудлыг шийдэх. Шинээр Ерөнхий сайдыг сонгох. Мөн өвлийн бэлтгэл ажлын талаар УИХ-аас шийдвэр гаргах тухай хүссэн юм. Харин эрх баригч МАН-ын хувьд дээрх асуудлыг нэг мөр Намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Ж.Эрдэнэбатаар толгойлуулсан Засгийн газрын хувьд 2017 оны 10 сарын 7 хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж таарах нь. Харин намрын чуулганы ээлжит хуралдаан эхэлсэн 7 хоногт Ерөнхий сайдыг шинээр томилох ажлыг МАН-ынхан хийх нь байна. Тэдний хувьд энэ 7 хоногтоо багтааж Ерөнхий сайдыг хэн болгох, Түүний засгийн газар ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхаа эцэслэн шийднэ. Харин энэ сарын 25-нд болох намынхаа бага хурлаар уг асуудлыг эцэслэн шийдэх нь байна.