Ардчилсан намынхан өнгөрсөн 4 жил туйлахдаа туйлж, тийчлэхдээ тийчилж ирсэн нь зарим тоо баримтаар тод болсоор байгаа билээ. Тухайлбал хөгжлийн банкны зарцуулалтыг нэрлэж болно. Уг мөнгө хэдхэн дарга нарын гарын салаагаар урсаад өнгөрсөн мэт дүрслэл ажиглагдах болсон. Тэгвэл бас нэгэн хачирхалтай тоог өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ням-Осор танилцууллаа. Түүний танилцуулсанаар 2012 онд Монгол улсын төрд 15853 ширхэг авто машин байжээ. Дээрх авто машины нийт үнэлгээ нь 793,5 тэрбум төгрөг гэж тоологдож байсан байна. Гэтэл машины тоо 4 жилийн дараа 25679 болж нэмэгдсэн байх юм. Ингээд үнэлгээ нь 1 их наяд 250,6 тэрбум төгрөг болж өссөн байна. 4 жилийн дотор 487,1 тэрбум төгрөгөөр АН-ын даргын сэтэр зүүгсэд авто машин худалдан авсан болж таараад байгаа юм. Тэгэхээр өнөөх бүтээдэг гэж цээжээ дэлдэг АН-ынхан бас бяцхан ханхүү шиг тансаглалд умбаж татвар төлөгчдийн мөнгийг тарааж суусан нь энэ мэт жижигхэн жишээнээс ил харагдах боллоо. Энэ төрд гараад суучихаараа л эрхэлж болно. Арав таван төгрөгийг нь асгаад дуусгах гэсэн башир санааг энэ улс төрчид яагаад өвөртлөөд байдаг байна вэ? Унаад явах унаа л байхад л учиргүй нэмж унаа аваад мөнгийг үрэх нь угтаа хэний төлөө хийсэн ажил гэж хэлэх билээ дээ. Харин ч өөрсдийнхөө эрх ямбандаа тааруулсан эргүү алхам гэхэд хатуудсан болохгүй биз ээ.