Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ? Энэ асуултын хариулалтыг олох гэж МАН-ынхан орондоо орох завгүй, хуйвалдаанд хамаг цагаа барж байна. Аль фракц нь Ерөнхий сайдын эрх мэдлийг авах вэ? Аль фракц нь албан тушаалын том хэрчим хүртэх вэ? гэдэг дээрээ алалцаж байна.
Хотын фракц, Зүүний хүчний холбооныхон учраа олох янз алга. Ийм үед нэг фракц оодорч эхэлсэн нь Увс. Тус фракцын толгой улс төрчид болох Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын хэн хэн нь Ерөнхий сайд болохоор яригдаад эхэлсэн. Ийм нөхцөлд нэг нь нэгэндээ зам тавьж, дэмжих талаар бодохгүй фракц дотроо хөлөө жийлцээд эхэлчихжээ.
Ц.Нямдоржийн хувьд энэ удаагийн албан тушаалын нүүдэл хамгийн сүүлийн боломж нь гэж харж байгаа бололтой. Энэ утгаараа УИХ-ын даргын суудалд тухлах гэхээсээ илүү Ерөнхий сайдын суудалд суучхаад тэтгэвэртээ суухын илүүд үзэж байгаа гэнэ. Тэр ч утгаараа мань хүн Ерөнхий сайд болох боломжтой нүүдэл бүрийг хийхээр зэхэх болжээ. Энэ ч утгаараа нутгийн дүү Ч.Хүрэлбаатараас гуйж, гуйвших, аргадаж, учирлах, айлгах зэргээр нэрээ татахыг санал болгож байгаа гэнэ.
Ч.Хүрэлбаатарын хувьд шартай, хортой, бас амбицтай нэгэн. Тэр утгаараа нутгийн ах Ц.Нямдоржийг зүгээр дэмжээд явуулахгүй. Хэрэв өөрт нь Ерөнхий сайд болох боломж олдох л юм бол заавал эцсийг нь хүртэл зүтгээд үзнэ гээд гүрийчихсэн гэнэ шүү. Ч.Хүрэлбаатарын хувьд хэрэв Ерөнхий сайд болох боломж нь нээгдчих юм бол МАН-ын залуу үеээс чамгүй дэмжлэг авах нэгэн. Нөгөө талдаа түүнийг Сү-гийн фракцынхан дэмжих нь гарцаагүй. Тэгэхээр Ц.Нямдоржоос илүү түүнд боломж нь байгаа гэж МАН-ыхан харж байна.
Увс фракцийн энэхүү дотроо учраа олохгүй байгаа явдал нь хотын фракцийнханд ашигтай. Тэд зүүний хүчний холбоотой тохирч чадахгүй бол Сү-гийн фракцтай эв зүйгээ ололцоод дараагийн нүүдлээ хийчхэж дөнгөнө.
Их санасан газар 9 шөнө хоосон гэгчээр энэ их албан тушаалын хэнээрхэл нь Увс фракцынхан хумсны толион чинээ л ашиг хүртээх вий дээ.