МАН-ын бага хурал ирэх даваа гарагт хуралдана. Уг хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдыг сонгох билээ. Үүний дараа их хурлаа хуралдуулах нь гарцаагүй. Тэр үед МАН-ын шинэ дарга сонгогдоно.
МАН-ын бага хурал болохоос өмнө Ерөнхий сайд болох олон хувилбар яригдаж байна. Энэ бүхнээс хамгийн өндөр магадлалтай нь Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Н.Энхболд гэсэн нэрс яригдаж байгаа. Харин тэдний нэртэй огт яригдахгүй байгаа ч олон хүний дэмжлэг авч байгаа хоёр хүн бий. Энэ бол аядуу зөөлөн зангаасаа болж улс төрөөс арчигдах дээрээ тулчхаад байгаа УИХ-ын дарга М.Энхболд. Нөгөөх нь Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар юм.
М.Энхболдыг мэдээж хэрэг хотын фракц бүхэлдээ дэмжиж байгаа. Түүнээс өөр намаа удирдаж, Засгийн газраа толгойлж, 65 гишүүний бүлгийг зангидах хүн байхгүй гэсэн санааг илэрхийлэх болжээ. Түүнээс гадна хотын фракцын хувьд энэ удаад Ерөнхий сайдыг өөр нэг фракцийн гарт өгчихвөл буцаж сэргэж намынхаа эрх мэдлийг гартаа оруулж чадахгүй гэж харж байгаа гэнэ. Энэ ч утгаараа хотын фракцаас олон хүний дэмжлэг авах магадлалтай улс төрч нь М.Энхболд гэсэн хувилбарыг дэвшүүлээд байна. Гэхдээ тэдний сонголт дотор Н.Энхболд явааг мартаж болохгүй ээ. Н.Энхболд аядуу зөөлөн дарга байж дөнгөнө. М.Энхболд угаасаа аядуу зөөлөн зангаасаа болоод Ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрчихсэн шүү дээ.
Ц.Мөнх-Оргилын хувьд МАН дотор элитийнхэн гэж өөрсдийгөө нэрлэх дуртай фракцийн төлөөлөл. Сү-гийнхэн гэж тодорхойлогддог тус фракцын хөзөр нь Ц.Мөнх-Оргил гэнэ. Мөн тэд Ө.Энхтүвшинг зүтгүүлэхийг ч үгүйсгэх аргагүй. С.Баяр гол хорыг найруулахын тулд гадаадаас ирчихсэн. Дээр нь Н.Багабанди олон улс төрчийн тархийг базаж суугаа. Мэдээж хэрэг фракцын гол хөдөлгүүр болсон Сү.Батболд нөхдөө зангидах тал дээр ажиллаж байна. Тэдний гол зорилго нь бага хурлын 200 гишүүнийг нэгтгэх байж болох юм. Тэгж чадсан нөхцөлд тэд Ц.Мөнх-Оргилыг Ерөнхий сайд болгохоор зүтгэнэ.