У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын өрсөлдөөнөөс жийх тактик хэрэглэгдээд эхэллээ. Хамгийн түрүүнд жийж байгаа шалтгаан нь Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байх нь зөв. Тэгсэн нөхцөлд 65 гишүүнийхээ аманд багтаад байхгүй. Эрэмбийн хувьд ижил тэнцүү учраас хэл амаа олж, шаардлага тавиад явж дөнгөнө. Хэрэв парламентийн гаднаас Ерөнхий сайд тодрох юм бол 65 даргатай болчхоод ажлаа хийхэд хэцүү гэх ухуулга сурталчилгааг МАН-ын бага хурлын 330 гишүүний сонорт хүргэхээр ажиллаж эхэлжээ. Энэ нь мэдээж хэрэг цаад санааг нь Ерөнхий сайдын өрсөлдөөнөөс У.Хүрэлсүхийг хасах гэсэн явуулга гэж болно.
Хоёрт Ерөнхий сайдын өрсөлдөөнөөс У.Хүрэлсүхийг хасахын тулд намынхаа дүрмийн зарим заалтыг мөрдөх тухай шахалтыг бага хурлын гишүүддээ өгөхөөр ажиллаж байгаа гэнэ. Учир нь МАН-ын дүрэмд урвагч нараа намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авах заалттай. Тэрхүү заалтыг мөрдлөг болгож У.Хүрэлсүхийг номхруулах аргыг зарим фракцынхан сэдсэн гэнэ. Учир нь У.Хүрэлсүх болон Херо студийн найруулагч Баатар нарын утасны ярианы бичлэг ил болсон. Тэрхүү бичлэг дээр У.Хүрэлсүх нь эсрэг намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжсэн өнгө аяс цухалзсан билээ. Иймээс намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан гэдэг шалтгаанаар Ерөнхий сайдын өрсөлдөөнөөс нэрийг нь татуулах аргыг хэрэглэх нь олон фракцын сонирхол байгаа гэнэ шүү.
Зүүний хүчний холбооны хувьд жил гаруйн өмнөөс бага хурлын төлөөлөгч болон их хурлынхаа гишүүнээр сонгогдох магадлалтай хүмүүстэй ажиллаж эхэлсэн. Тэр утгаараа тэд зүгээр нэг ялагдчих хүмүүс биш. Иймээс л нарийн арга сүвэгчилж байж зүүний хүчний холбооны тэргүүн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын өрсөлдөөнөөс шахан гаргах төлөвлөгөөг хотын фракц, сү-гийн фракц, увс фракцийнхан дор бүрнээ сэтгэж байгаа гэнэ шүү.