УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа МАН Засгийн газраа түлхэн унагах хуйвалдаанаас болоод үндсэндээ хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь монголчуудын олонхийн өгсөн итгэлийг зүтгэлээр хариулж, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орынхоо эдийн засгийг өөд татах зорилгодоо үнэнч зогссоор. Хаин нөгөө хэсэг нь өөрсдийнхөө байгуулсан засгийн газраар туг тахиж, өөсдийнхөө шуналыг барьж дийлэнхгүй албан тушаалын бялуу хуваахаар улайрч байна. Монголын улс төрийн өнөөдрийн дүр зураг ийм л байна.
Засгийн эрх барьж байгаа МАН-ын хуваагдал эхнийх биш. Өмнө нь бас л өнөө У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс МАН-ын удирдлагад ажиллаж байхдаа Н.Энхбаяртай зарлаагүй дайн өдөөж МАН-ыг хоёр хуваасан. Дотоод эв нэгдлээрээ бусдаасаа хол тасарсан МАН У.Хүрэлсүхийг намын удирдлагад байх тэр ца мөчид МАХН хэмээх хүсээгүй "хүү" төрүүлж,түүний дараахан болсон УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж цөөнх болсон. Энэ намын төлөөх хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эгэл жирийн мянга, мянган гишүүд энэхүү хуваагдлаас болоод гудамжинд лааз хөшиглөсөн дөө. Энэ гунигтай хагарлын буруутнууд хариуцлага хүлээгээгүй гадаад руу гарч биеийн жаргалаа хөөсөн. Одоогийн МАН-д үүсээд байгаа бодит нөхцөл байдал, засгаа унагаах гэсэн У.Хүрэлсүхийн бослого, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж орхиод албан тушаалд очихыг хүссэн хүмүүсийг харахад МАН гурав дахь удаагаа хуваагдал, хагарал, бутралын ирмэг дээр зогсож байна. Хэрэв МАН гурав дахь удаагаа хагарвал Монголын улс төрд баттай эзэлсэн байр сууриа алдана. Цаашлаад 2020 оны болох бүх шатны сонгуульд өмнөх гашуун түүхээ давтаж ялагдал хүлээж, лааз өшиглөх зам руугаа шуударна
МАН-ын хэсэг ахмад гишүүн санаачлаад хоёр хуваагдсан намаа бүтэн болгочих гээд зүтгээд байгаа. МАН, МАХН гэх хоёр нам бол нэг түүх, нэг амь. Гэтэл У.Хүрэлсүх, Т.Аюурсайхан нарын эсэргүү явдалтнууд МАН-ыг гурав дахиа хуваахаар улайран зүтгэсээр байгаа нь жирийн гишүүдэд нь таалагдахгүй байгаа нь лавтай. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн, бондын өрөнд идэгдсэн, монголчуудын амьдрал нийтээрээ дордсон энэ цөвүүн цагт улс төрийн хамгийн тулхтай гэгддэг МАН-д хуваагдах эрх байхгүй. Хэрэв унасан эдийн засгаа маш богино хугацаанд татаж босгож чадсан одоогийн Засгийн газрыг огцруулбал, засгийн эрхийг бүх шатанд барьж байгаа МАН-ыг гурав дахиа хагалбал Монгол Улс орших уу, эс орших уу дээрээ тулж туйлдана. МАН-д алдаа оноо аль аль нь байвч Монголынхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалсаар ирсэн улс төрийн хүчин гэдгийг мартаж болохгүй. Албан тушаалын төлөө хоёр нүдээ ухахаас ч сийхгүй яваа У.Хүрэлсүхтэнгүүд лав л Монголоо тэврэхгүй. Хамгийн хэцүү цаг үе тулж ирэхэд урьдын адил сурсан зангаараа гадаад руу нисээд амиа хоохойлно. Урвагчдын бусдаас ондоошдог зан төлөв бол нөхдөө хаяад амиа боддог араншин юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин