НИТХ-ын ээлжит хуралдаан хараахан эхлээгүй байна. Тус хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгох учиртай. НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан. Түүний хүсэлтийг НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авна. Дараа нь шинээр сонгох даргыг НИТХ дахь МАН-ын бүлэг нэр дэвшүүлэх юм.
3-4 хүний нэр яригдаж байгаа. Одоогийн байдлаар НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурал дээр Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан нар нэрээ татаж байгаа гэнэ. Харин бүлгийн хурал дээр шинээр нэр дэвшиж байгаа эрхэм бол Оюуны ундраа группийн Ерөнхийлөгч С.Амарсайхан. Түүний хувьд НИТХ дахь МАН-ын бүлгийн 16 төлөөлөгчийн дэмжлэгийг авна гэж тооцжээ.
НИТХ дахь МАН-ын бүлгийн 18 төлөөлөгчийн дэмжлэг авч байгаа нэр дэвшигч бол Баярсайхан. Түүний хувьд эхнээсээ нэр дэвшсэн. Намынхаа удирдах зөвлөл дээр дэмжигдсэн юм байна.
Нэгэнт НИТХ дахь МАН-ын бүлэг 2 хуваагдчихсан хэвээрээ байна. Ийм нөхцөлд НИТХ-ын дарга болох хүнийг НИТХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн шийдэхээр болж байна. Тэд хэнийг нь дэмжихээс шалтгаалж НИТХ-ын дараагийн дарга сонгогдох нь байна. Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар бол НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгчийг С.Амарсайханыг дэмж гэсэн шахалтыг АН-ын дарга С.Эрдэнэ болон Ерөнхийлөгчийн зүгээс өгч байгаа гэх албан бус мэдээлэл байна.
Харин НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэрэв НИТХ-ын даргын төлөө С.Амарсайхан нэр дэвшиж орж ирэх юм бол дэмжихгүй гэж мэдэгдээд байгаа гэнэ. Хэн ч НИТХ-ын даргын төлөө нэр дэвшсэн гол санал АН-ын төлөөлөгч нараас гарна. Тэд хэнд санал өгнө тэр сонгогдох нь байна.