У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох эхний даваагаа давлаа

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох эхний даваагаа давлаа

МАН-ын бага хурал өчигдөр шөнө дунд хүртэл үргэлжлэн хуралдав. Бага хурлын 331 гишүүний талаас илүү хувь нь хэлэлцсэн 4 асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь ийнхүү хурлыг сунжруулахад хүргэсэн бололтой.

МАН-ын бага хурлын хамгийн их сонирхол татаж байсан хэсэг нь бол Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх явдал байсан юм. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тус хуралд оролцсон төлөөлөгчдийн 63,7 хувь буюу бага хурлын төлөөлөгчдийн 188 хүн нь У.Хүрэлсүх байх нь зүйтэй гэж үзжээ. Харин 34 хувь нь буюу 101 төлөөлөгч  Ө.Энхтүвшинд санал өгсөн бол Н.Энхболдын төлөө ердөө л 1,7 хувь буюу 5 хүн санал өгсөн байна.

Ийнхүү МАН-ын бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг ажиллуулах санал гаргав. Одоо удахгүй УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг авч хэлэлцэнэ. Үүний дараа Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн барьж зөвшилцөх юм.

10 сарын 02 өдөр нээлтээ хийх намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой.

Ийнхүү МАН-ын ээлжит бага хурлаас У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох боломжоо өвөртөлж ирлээ. Одоо тэрээр УИХ дахь бүлгийнхээ босгыг алхах ёстой. Үүний дараа түүнд хүнд даваа тулгарахгүйгээр Ерөнхий сайдын суудалд тухлах нь гарцаагүй юм аа.