Монгол Улсын шинэ Ерөнхий сайдын нэр ийнхүү тодорч байна. МАН-ын бага хурлаас сонгогдсон У.Хүрэлсүх тохиролцоон дээр үндэслэн гарч ирсэн гэж МАН-ын бага хурлын төлөөлөгчид хэлэлцэж байна. Учир нь МАН-ын бага хурлын 331 төлөөлөгчийн 150 орчим нь хотын фракцынх. Тэдний санал хаашаа эргэнэ тэр зүгт шийдвэр гарсаар өнөөдрийг хүрчээ.
Шөнө дөлөөр санал хураалт нь дуусч, дүн нь гарсан энэ удаагийн бага хурлын төлөөлөгчдийн 300 орчим нь ирсэн. Тэдний 188 төлөөлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх нь зүйтэй гэсэн санал өгсөн гэнэ. Ийм хэмжээний саналыг У.Хүрэлсүх намынхаа бага хурлаас чин шударгаар авч дөнгөхгүй. Иймээс л эртнээс тохиролцоо хийгдэж, нүүдэл явчихсан байжээ гэсэн ойлголтыг улс төрийн хүрээнийхэн авчхаад байна.
10 орчим хоногийн өмнө М.Энхболд, У.Хүрэлсүх нар 60 минут орчим уулзсан. Уг уулзалтын дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, шийдвэрээ гаргаж байсан билээ. Энэ цаг мөчөөс эхэлсэн тохиролцоо өчигдөр учиг нь тайлагдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд намынхаа их хурал хүртэл Ерөнхий сайдад нэр нь дэвшигч У.Хүрэлсүхтэй нөхөрлөнө. Тэдний нөхөрлөл цаашдаа ч үргэлжлэхээр болж байх шиг байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болно. Харин М.Энхболд УИХ-ын дарга хэвээрээ үлдэхээр болсон гэх хардлага МАН-ын эгэл жирийн гишүүдийн дунд хөвөрч байна.
Улс төрийн тоглоом хатуу. У.Хүрэлсүх М.Энхболдыг мөргөж унагаахын тулд Засгийн газрыг хөмөрсөн. Харин тэр барьцаа ахиулаад М.Энхболдыг хараахан дарж дөнгөсөнгүй. Түүнийг унагаах тийм ч амар биш учраас нэг алхам ухарч, буулт хийж үзжээ. Энэхүү буултынх нь үр дүн өчигдөр шөнө гарч МАН-ын бага хурлаас У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвших эрхийг өвөртөлж чадлаа.
11 сард хуралдах МАН-ын их хурлаар МАН-ын дараагийн дарга сонгогдоно. Уг хурлын төлөөлөгчдийг Нийслэлээс голчлон бүрдүүлэхээр тусгаж өгсөн. Энэ нь МАН-ын их хуралд төлөөлөгчдийн давуу эрх хотын фракцид хадгалагдана гэсэн үг. Ийм нөхцөлд МАН-ын дарга болох дэмжлэгийг авахын тулд У.Хүрэлсүх дахин М.Энхболдоос гуйна. Энэхүү гуйлтын хариу сая тохирсон УИХ-ын даргын суудлыг М.Энхболдоос авахгүй байх явдал. Ийнхүү Зүүний хүчний холбоо, Хотын фракцын хослол амилж, МАН-ын 2-р ээлжийнхэн хоолондоо орох цаг ирлээ.