Залуу гишүүд сайдын суудалд санаархахгүй байж чадах уу?  

Залуу гишүүд сайдын суудалд санаархахгүй байж чадах уу?  

Эрх баригч МАН нь УИХ-д 65 суудалтай. Тэдний 41 нь анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Эдгээр гишүүд дараагийн Засгийн газарт сайд болно гэсэн таамаглал яригдах болсон.

Ялангуяа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Т.Аюурсайхан, Раднаасэд нарын гишүүдийг У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газарт аль нэг салбар хариуцсан сайдаар ажиллана гэсэн таамаг явж эхлээд байгаа билээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр нь яригдаж байгаа. Түүний хувьд уг салбарыг аваад явах чадалтай, боловсролтой гэсэн хандлага намынх нь гишүүдийн дунд байна.

Харин Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Т.Аюурсайхан, Нямбаатар нарын хувьд Хууль зүйн сайдад нэр нь яригдана. Тэдэн дээр нэмээд Раднаасэд гишүүн ч уг салбарт сайдаар очиж болзошгүй. Энэ гурван эрхэмийн хэн нь анх удаа УИХ-д сонгогдсон. Үүн дээрээ нэмээд сайдаар ажиллах юм бол аз, од нь гүйчихлээ л гэж бусад гишүүд атаархах нь гарцаагүй.

Хэдийгээр сайдын суудалд ийнхүү нэр нь яригдаж байгаа ч залуу гишүүдийн хувьд ухамсартай, бас уужуу асуудалд хандаж байгаа гэнэ. Тэд хэсэг бүлгээрээ уулзан нэг зүйл дээр санаа, сэтгэл нийлж байгаа гэх мэдээлэл байна. Энэ нь У.Хүрэлсүхийн толгойлох Засгийн газарт орж ажиллахгүй. Харин УИХ дотроос бүхий л дэмжлэгийг үзүүлэх нь зөв. У.Хүрэлсүхийн Засгийн газар нь жинхэнэ мэргэжлийн, туршлагатай сайд нараас бүрдэх нь чухал. Бид залуу хүмүүс учраас албан тушаалд очиж амаа үдүүлэх шаардлага байхгүй. Нөгөө талдаа дараа дараагийн боломжоо хаах гэмтэй. Иймээс анх удаа УИХ-д сонгогдсон гишүүдийн хувьд Засгийн газрын томилгооноос савраа татах нь зөв гэж шийдсэн гэх мэдээлэл дуулдаж байна.

Үнэхээр л Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд амласан амлалт, хэлсэн үгэндээ эзэн суух юм бол олон нийт баярлах нь гарцаагүй юм. Албан тушаалын төлөө биш, авлига, хээл хахуулыг нухчин дарах шударга ёсны төлөө явах залуус мөн байна гэсэн итгэл олон нийтийн дунд бий болох нь гарцаагүй. Тэр хэрээрээ тэдний улс төрийн дараа дараагийн алхамд том түлхэц болно. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд 2016 онд УИХ бүрэлдэж, анхдугаар хуралдаанаа хийхээс эхлэн зарчим ярьж байгаа. Түүний ярьж байгаа зарчим, хөндөж байгаа сэдэв, хэлж байгаа үг нь далайцтай, шулуун байгаад олон нийт дуртай байгаа нь ажиглагдах болсон. Энэ олсон нэр хүндээ сайдын суудлаар солихгүй гэдэгт итгэж хүлээх байна.

Ахин хэлэхэд АРД ТҮМЭН ХҮССЭН УЧРААС САЙД БОЛОХООР боллоо гээд худал хэлээд гараад ирэв дээ залуу гишүүд минь. Сайд болох эсэхийг ард түмэн шийддэггүй. Харин албан тушаал хуваарилж суудаг МАН-ын хэдэн дарга нар шийддэг юм. Иймээс Ард түмний нэр барилгүй, сайд болохгүй гэсэн амлалтаа санаж, асуудалд эерэг хандана гэдэгт итгэлтэй байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичиг өргөн бариад, дараа нь хэлэлцүүлж эхлэхдээ хэлсэн САЙД БОЛОХГҮЙ гэсэн амлалт чинь байгааг хэвлэлийнхэн өдөр бүр сануулах нь гарцаагүй шүү. Нэр хугарахаар яс хугар гэж үг байгааг залуу гишүүд тунгаах буй за.