У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох 2 дахь даваагаа давлаа

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох 2 дахь даваагаа давлаа

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг МАН-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан билээ. Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдыг нэр дэвшүүлсэн нам нь нэр дэвшигчээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийн танилцуулга МАН-ын хүсэлтийг хүлээн аваад нэг цагийн дараа хариу өгсөн юм аа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв.

 Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм.

 Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд

 Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай

 Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын Нам нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

 Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

 Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх 2 дахь шатаа давж гарлаа. Түүний эхний хамгийн хүнд даваа нь МАН-ын бага хурлаас авах дэмжлэг байсан юм. Харин Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бол бэлэгдлийн чанартай алхам. Ерөнхийлөгч ганхцан цагийн дотор дэмжлэг үзүүлсэн нь сайн зүйл. Нөгөө талдаа У.Хүрэлсүх, Х.Баттулга нар шадарлан ажиллаж чадна гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүллээ.

Одоо У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн дэмжлэгийг авах ёстой. 100% дэмжих үү эсвэл олонхи нь дэмжих үү гэдгийг хүмүүс анхаарч байна. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй. Өмнөх засгийн газрыг 33 гишүүн огцруулсан. Тэд У.Хүрэлсүхийг дэмжих талтай. Үлдсэн_ 32 гишүүн нь чухам хэнийг дэмжих вэ? Тэд У.Хүрэлсүхийг дэмжихгүй юу гэдэг анхаарал татаж байна.

Үүний дараа чуулганы хуралдаанаар батлагдах явдал юм. Тэгэхээр одоо УИХ-ын 2 шатыг давж Ерөнхий сайд болох юм.