УИХ-ын гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэгт нэр холбогдсон. Уг хэргийн талаарх үнэн эсэх нь үл мэдэгдэх, харилцан адилгүй мэдээлэл цацагдсаар байгаа билээ. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагын зүгээс уг хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл эцэслээгүй байгаа.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж, нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй гэсэн шалтгаанаар хэргийг хаах хүсэлтийг Прокурорын байгууллагад өгсөн байдаг. Прокурорын байгууллага ч уг хэргийг хаах шийдэлд хүрсэн талаар мэдээлэл гарсан. Харин хохирогч гэгдээд байгаа иргэн Н болон түүний өмгөөлөгч нарын хувьд хэргийг эцэслэхгүй, гомдол гаргасан хэвээрээ байгаа гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Гантулга нь ёс зүйн хариуцлага хүлээж, гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёстой гэсэн хандлага нийгэмд бий. Энэ ч үүднээс гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэц, УИХ-ын ёс зүйн дэд хороонд хуульчид хандаад эхэлсэн байна. Уг хэргийг эцэслэх үүднээс өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг “Веритас Партнерс” хуулийн фирмынхэн ажиллаж эхэлжээ. Тус байгууллагын 4 өмгөөлөгч уг хэрэг дээр ажиллаж байгаа юм.
Тэд уг хэрэг дээр ажиллах гол шалтгаан нь УИХ-ын гишүүн гэмт хэрэгт нэр холбогдох, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргахад хариуцлага хүлээхгүй. Харин ч хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхийн давуу байдлыг ашиглаж байна. Энэ нь эргээд хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэсэн үндсэн хуулийн гол зарчим алдагдахад хүргэж байна. Иймээс энэ гажуудлыг засах зорилготой гэнэ.
Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Улсын их хурлын гишүүн нь ямар хэмжээ, хязгаарын хүрээнд халдашгүй байх вэ гэдгийг ердийн хуулиар тодорхойлно гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тухайн гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж хуульд заасан. 1992 оны Улсын Их Хурлын тухай хууль, 1997 оны Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Их Хуралд уламжилж болно. Эсвэл “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан” гэсэн хоёр тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зохицуулалт 2010 оноос өмнө үйлчилж байсан юм. 2010 онд тус хуульд өөрчлөлт оруулж, “эрх бүхий байгууллага гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг нь хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл гишүүн нь зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа, нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэх эрхийг нь түдгэлзүүлж болно гээд бусад ямар ч тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглох тухай заалтыг УИХ-ын тухай хуулийн 34.7-д тусгасан. Ингэснээрээ Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулан тайлбарлаж, гишүүнд бусдаас хэтэрхий давуу байдал олгох замаар Үндсэн хууль зөрчиж байна гэж хуульчид үзэж байгаа юм байна. Ийм учраас уг заалтын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ.
Энэ нь ёс зүйн хэм хэмжээ алдсан УИХ-ын гишүүн Д.Гантулга зэргийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх алхам болно гэж хуульчид үзэж байгаа бололтой. Ер нь УИХ-ын гишүүний бүрэн эрх хэт их хамгаалалттай байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэж, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нөхцөлд хариуцлага хүлээлгэх боломжтой болох ёстой юм.
УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд гэмт хэрэг хийсэн эсэх нь гол биш. Гагцхүү ийм хэрэгт нэр холбогдсон, мөн Төрийн ордонд БАНДААШ ярьсан зэрэг нь ёс зүйн хариуцлага хүлээх ёстой үйлдэл. Тэр утгаар нь хуулийнхан УИХ-ын ёс зүйн дэд хороонд хандсан гэдэг тайлбарыг өгч байна. Энэ асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь дараа дараагийн УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг тодорхойлоход тустай гэсэн тайлбарыг ч хуульчид хийж байгаа юм.