У.Хүрэлсүхийн ЗГХЭГ-ын даргаар  Л.Оюун-Эрдэнэ ажиллах бололтой

У.Хүрэлсүхийн ЗГХЭГ-ын даргаар  Л.Оюун-Эрдэнэ ажиллах бололтой

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох шийдэлд бараг л тодорхой болчихсон. Гагцхүү УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний хэд нь түүнийг чуулганы хуралдаан дээр дэмжих л сонирхол татаж байна. Ямартай ч олонхи нь дэмжинэ гэсэн яриа гараад байгаа.

Харин У.Хүрэлсүхийн засгийн газарт хэн хэн багтах яриа ид хүчтэй яригдаж байна. Хөшигний цаана, хаалттай хаалганы цаана яригдаж байгаа хамгийн гол сэдэв бол энэ. УИХ-ын гишүүд хэсэг бүлэг, найз нөхөд, фракцаараа уулзаж У.Хүрэлсүхийн засгийн газарт хэнийг оруулах, хэнийг багтаахгүй байхаа хэлэлцэж байгаа сурагтай. Үүн дотроос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар хэн ажиллах уу гэсэн асуулт хамгийн их анхаарал татаж байна.

Одоогийн байдлаар уг албан тушаалд очих өндөр магадлалтай хүн нь Л.Оюун-Эрдэнэ. У.Хүрэлсүхийн нутгийн дүү, баруун гар нь гэж болох залуу гишүүний хувьд уг албан тушаалд очихыг өөрөө ч хүсч байгаа гэнэ. Өмнөх Засгийн газрыг шүүмжилж байсан гишүүдийн нэг бол Л.Оюун-Эрдэнэ. Харин энэ удаад шинэ Засгийн газрыг гал тогоог хариуцаж болзошгүй байна. Гэхдээ тэрээр шууд ногоон гэрлээр уг албан тушаалд очихгүй. Өрсөлдөгч байгаа.

ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар гишүүний нэр яригдаж байна. Түүний хувьд уг албан тушаал дээр очих, эсвэл Гадаад харилцааны сайд болно гэсэн сонголттойгоор дараагийн засагт багтчих нүүдлийг хийж байгаа. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсон нөхцөлд Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаар ажиллуулах сонирхол байгаа эсэх нь эргэлзээтэй. Харин бусад фракцынхаа ятгалга, шахалтаар авч ажиллуулж магад үгүй гэсэн таамаглал МАН-ын улс төрчдийн дунд явж байна.