Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар Засгийн газарт багтаж давхар дээл өмсөнө

Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар Засгийн газарт багтаж давхар дээл өмсөнө

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад МАН-ын бага хурлаас нэрийг нь дэвшүүлсэн. Түүний нэрийг МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьж зөвшилцсөн билээ.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар 10 сарын 02-нд хоёр намын бүлэг хуралдаж хэлэлцэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганаар ярих юм. Энэ үйл явцыг хүлээлгүй тодорхой хүрээнд шийдэгдэж байгаа асуудал бол сайд нарын нэрс юм. Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт баттай багтах хоёр эрхмийн нэр тодроод байна.

Хууль зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж ажиллах гэнэ. Хууль зүйн салбарт хийгдсэн буруу өөрчлөлт, зарим гажуудал, завхрал зэргийг арилгах үүргийг Ц.Нямдорж хариуцан авахаар болжээ. УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа Ц.Нямдоржийг дэвшиж УИХ-ын дарга болно гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Гэвч тийм боломжийг МАН олгох нөхцөл үүсэхгүй байгаа учраас УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж хууль зүйн салбарыг төвхнүүлэх үүргийг хүлээх нь байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ажлыг дордуулсан, үйл ажиллагааг нь муухай харагдуулсан. Эдийн засгийн сэргэлтийг элдэв үгээрээ буруу тийш нь залсан. Иргэдийн эсэргүүцэл, эдүүлцлийг хамгийн их төрүүлсэн сайд нь Б.Чойжилсүрэн гэхэд дэгстүүлсэн болохгүй л болов уу. Иймээс энэхүү гажуудлыг засах, сайжруулах үүргийг Ч.Хүрэлбаатар гишүүнд даалгахаар У.Хүрэлсүх шийдсэн гэнэ. Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатар гишүүн ажиллаж байгаа. Тэрээр өнгөрсөн жил гаруйн хугацаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн үйл ажиллагаанд хамгийн их сэтгэл дундуур байсан нэгэн. Байнга шүүмжилж, байнга буруутгаж явсан хүн өнөөдөр өөрөө уг албан тушаал дээр очиж засаж залруулах үүргийг хүлээн авахаар болж байх шиг байна.

 Ийнхүү Увс фракцын хоёр төлөөлөл У.Хүрэлсүхийн байгуулах Ардын гэх тодотголтой засгийн газарт багтаж ажиллахаар болж байна. У.Хүрэлсүхийн хувьд анх удаа УИХ-д сонгогдсон гишүүдийг Засгийн газартаа авч ажиллуулахгүй гэсэн амлалтыг МАН-ын бага хурлын гишүүдэд өгсөн гэх мэдээлэл байгаа. Тэгэхээр давхар дээл өмсөх эрх нь УИХ-д хоёроос дээш сонгогдсон 24 гишүүнд л байгаа гэсэн үг. Тэдний хоёр нь болох Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар ийнхүү шинэ Засгийн газарт баттай багтах эрхээ өвөртөлчхөөд байна. Тэдний хувьд У.Хүрэлсүхийг эхнээс нь дэмжиж, өнөөдрийн боломжийг нээж өгсөн гэдэг утгаараа ийнхүү тэргүүн эгнээнд сайдын суудлаа баталгаажуулж авчхаад байгаа гэхэд болно.