У.Хүрэлсүхийн Засгийн газарт хэн хэн багтах вэ? УИХ-ын хэдэн гишүүн сайд болох уу гэсэн асуулт, бас хүлээлт нийгэмд өрнөж байна. Одоогийн байдлаар Засгийн газарт багтах сайд нарын нэрс яригдаад эхэлчихлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдсэнээр бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. Одоо үүрэг гүйцэтгэгч болсон Засгийн газрын хувьд Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам гэсэн бодлогын яамтай. Харин чиглэлийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр,Нийгэм хамгааллын яам, Эрчим хүчний яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр яамдын бүтэц, орон тоо хэвээрээ хадгалагдана гэсэн үг. Харин сайд нар бүрэн солигдоно. Ийм л ойлголтыг эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулчихлаа.
Засгийн газар салбар хариуцсан 13 сайд нэмэх нь ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын Сайд, Шадар сайд, Ерөнхий сайд гэсэн 16 сайд ажиллана. Тэдний 15 нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд гэсэн давхар дээл өмсөх тухай яригдаж байна.
2012-2016 онд одоогийн эрх баригч нам болох МАН нь давхар дээлийн эсэргүүцэж, гудамжинд жагсаал зохион байгуулж, нөмгөн дээлтэй төв талбай дээр гарч ирэн шаагилдаж байсан билээ. Үүнийгээ мартчихаад давхар дээл өмссөн сайд нар өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд ажиллаад байна. Үүний тэргүүн эгнээнд Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нарыг нэрлэж болно.
Одоо огцорч байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт А.Цогцэцэг, Д.Ганбат, Ц.Мөнхбаяр, Ганхүү, Ц.Дашдорж, Чулуунбаатар, П.Сэрэглэн гэсэн 7 салбар хариуцсан сайд дан дээлтэй ажиллаж байв. Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын засгийн газар 60% нь дан дээлтэй байж чадсан. Харин энэ удаад энэхүү амжилтаа дордуулсан шийдвэрийг У.Хүрэлсүх гаргачих юм биш биз.
Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт дан УИХ-ын гишүүдийн нэр яригдаж байна. Ж.Эрдэнэбатыг огцруулсан 31 гишүүн тус бүртээ сайд болох сонирхолтой. Тэдний сонирхолд нийцүүлэх гэсэн алхмыг У.Хүрэлсүх хэрэгжүүлж байгаа бололтой. Сөрөг болон зогсох ёстой Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд улс орны хөгжилд нэмэртэй бол хэдэн ч хүн давхар дээл өмссөн ч яахав гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Энэ нь эрх баригч намынханд бөөн далим болсон бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүний хувьд давхар дээлийг эсэргүүцэх нь гарцаагүй. Тэд ийм л алхмыг ашиглаж улс төр хийхээ мэдэж байгаа.
Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн засагт багтах дан дээлтэй сайдын тоо нэг хоёроор л яригдаж байна. Уг нь жинхэнэ мэргэжлийн ёс зүйтэй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сайд байх ёстой гэсэн хүлээлт нийгэмд байгаа нь гарцаагүй ээ.