НИТХ-ын ээлжит 11-р хуралдаан өнөөдөр үргэлжлэн хуралдана гэсэн хүлээлттэй байсан. Харин НИТХ-ын ажлын албанаас НИТХ дахь МАН-ын бүлэг 7 хоногийн өмнө баасан гарагийн 17:15 цагт ажлын 5 хоногийн завсарлага авсан байна. Уг завсарлага нь ажлын 5 хоногт гэж авсан. Гэтэл тухайн өдөр ажлын цаг дууссан байв. Иймд ажлын 5 хоног гэдэг нь өнөөдөр буюу баасан гарагийн ажлын цагаар дуусч байгаа. Иймд Даваа гарагт завсарлагын хугацаа дуусна гэж мэдэгджээ.
Ийнхүү НИТХ-ын ээлжит хуралдааны үргэлжлэл Даваа гарагт болж төлөвлөгдөөд байна. Одоогийн байдлаар Даваа гарагийн 10:00 цагаас НИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Мөнхчулууны тайлбарлаж байгаагаар бол тус бүлэг завсарлагынхаа хугацааг бүрэн дуусгахаар шийджээ.
НИТХ-ын даргад С.Амарсайхан Баярсайхан гэсэн хоёр хүн өрсөлдөж байгаа. Өнгөрсөн баасан гарагт болсон нууц санал хураалтаар НИТХ дахь АН-ын бүлгийн 10 төлөөлөгч хэнийг ч сонгохгүйгээр санал өгсөн. Нэг үгээр хэлбэл хоёр нэр дэвшигч АН-ын бүлгийн төлөөлөгч нарын дэмжлэгийг авч чадаагүй гэсэн үг. Харин МАН-ын бүлгийн 34 төлөөлөгч бүгд санал хураалтад оролцсон. Тэдний 17 нь С.Амарсайханд санал өгсөн бол үлдсэн 17 төлөөлөгч Баярсайханд санал өгсөн билээ. Ийнхүү хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэм ёсоор бол НИТХ-ын даргад өрсөлдөгч С.Амарсайхан, Баярсайхан нарын дунд дахин нууц санал хураалтыг явуулна. Дахиад санал тэнцсэн нөхцөлд тухайн хоёр нэр дэвшигчийг өөрчлөх зохицуулалттай. Даваа гарагт НИТХ үргэлжлэн хуралдаж эхлэхэд шинээр хэн нэгнийг дэвшүүлэх боломжгүй. Зөвхөн уг хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулах юм.
Өмнөх санал хураалт шиг дүр төрх дахин гарах магадлалтай. Ийм нөхцөлд дараагийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа болж С.Амарсайхан, Баярсайхан нарын хэн нь дарга болохгүй. Өөр нэгэн уг албан тушаал дээр очих магадлал тун өндөр байна. Хотын фракцын хувьд нэгэнт Ерөнхий сайдын суудлаа алдчихсан. Тэгэхээр одоо НИТХ-ын даргын суудлыг баттай авахын тулд хоёр нэр дэвшигчийн дэмжих саналыг дахин тэнцүүлж, дараагийн хувилбарыг сонгох магадлалтай юм. Энэ асуудал даваа гарагт шийдэгдэнэ.