У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар өнөөдөр томилогдоно. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлэг авсан У.Хүрэлсүхийн хувьд нэгдсэн чуулганаас дэмжлэг аваад гарах нь ойлгомжтой.
Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн дараагийн том алхам бол Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох юм. Энэхүү томилгоон дээр 100% дур мэдэн ганцаараа шийдвэр гаргах боломж У.Хүрэлсүхэд байхгүй. Учир нь тэрээр намынхаа хотын фракц, Сү-гийн фракцтай нэгдсэн ойлголтод хүрэх нь туйлын чухал.
Засгийн газрын одоогийн бүтэц, бүрэлдэхүүнийг хэвээр нь хадгалах болно гэдгээ Ерөнхий сайдаар томилогдох гэж байгаа У.Хүрэлсүх амлачихсан. Тэгэхээр 13 салбар хариуцсан сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын сайд гэсэн 15 сайдын 8-ыг нь У.Хүрэлсүх өөрөө шийдвэр гарган томилох нь гарцаагүй.
Харин үлдсэн 7 сайдын хувьд М.Энхболд, Сү.Батболд, Ц.Нямдорж нартай зөвшилцөж, тэдний дэмжлэгийг өөртөө авахын тулд тус хүмүүсийн сонгосон гар хөл бологсдыг сайдаар томилно гэсэн үг. Ингэхгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газар 6 сарын дараа огцрох эсэхээ шийдүүлэх гээд явж болзошгүй. Энэ утгаараа У.Хүрэлсүхийн засгийн газар МАН+МАН гэсэн хувилбартай л болж байна.
У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа 34 гишүүн парламентад сууж байна. Харин М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын талд 31 гишүүн гар өргөнө. УИХ дахь 65 гишүүний бүлэгтэй МАН хоёр хуваагдсан хэвээрээ байгаа. Үүний ганц нотолгоо бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн Ж.Мөнхбат гишүүний үг. ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч тэрээр У.Хүрэлсүхэд хандаж, гомдол, хорсол тээсэн үг чулуудсан. Үүний цаана хэрэв биднээр оролдсон нөхцөлд танай засгийн газрыг ч унагаахад бэлэн гэсэн агуулга нуугдаж байгаа харагдсан.
Энэ мэт олон шалтгааны улмаас У.Хүрэлсүх засгийн газраа 100% өөрөө шийдвэр гарган бүрдүүлж чадахгүй. Бас зарим агентлаг, төрийн өмчит байгууллагын удирдлагыг өөрчлөх эрх мэдэл нь хүрэхгүй. Бас л барьцаалагдсан улс төр өрнөх нь ойлгомжтой болоод ирлээ.